ЗАВХАН: Мод бут тарих түр ажлын байраар 74 иргэнийг хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-04 15:30:45

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт 10 дугаар сарын байдлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүний тоо 691 болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар буурсан байна.


Аймгийн хэмжээнд 327 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 47.3 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 29.8 хувь нь 25-34 насныхан байгаа бол 24.7 хувь нь 35-44 насныхан байна.

Харин 14.5 хувь нь 15-24 насныхан, 1.7 хувь нь 60-аас дээш насны ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн 59.0 хувийг нь бүрэн дунд, 20.8 хувийг нь дээд боловсролтой хүмүүс эзэлж байна. Харин 1.6 хувь нь боловсролгүй, 4.1 хувь нь техникийн болон бусад мэргэжлийн боловсролтой иргэд байна.


Ажил идэвхтэй хайж байгаа бүртгэлтэй ажилгүйчүүдээс 10 дугаар сарын байдлаар 102 хүн байнгын ажлын байртай болжээ.  Харин цагийн болон түр ажлын байраар 112 хүн хангагдаад буй. Өнөөдрийн байдлаар барилгын засвар үйлчилгээ, газар тариалан,  мод бут тарих түр ажлын байраар 74 иргэн хангагдсан гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ