Хөх хотын гаалийн чөлөөт бүсэд “Монголын худалдааны төв” байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул тэргүүтэй төлөөлөл ӨМӨЗО-ны Олон улсын худалдааг дэмжих хорооны төлөөлөгчидтэй уулзлаа.
Энэ үеэр хамтарсан ажлын хэсэг байгуулж, Хөх хот дахь
“Монголын худалдааны төв”-ийн ТЭЗҮ-ийг ирэх оны 1 дүгээр
сарын эхээр хийж дуусгахаар тохиролцсон байна.
ӨМОЗО-ны Засгийн газар, Монгол Улсын ХХААХҮЯ хооронд Хөх
хотод “Монголын худалдааны төв” байгуулах санамж бичгийг 2016 онд Монгол-Хятадын
анхны экспо зохион байгуулах үеэр байгуулсан. Гэсэн ч хэрэгжилт удаан байсан нь 2019 оны III экспогийн
үед сэргэж, өнгөрсөн хугацаанд Өвөрмонголын талаас 2-3 байршлын талбайг санал
болгон хэлэлцсэний дүнд шинээр байгуулсан Хөх хотын Гаалийн бүсэд байгуулахаар
тогтоод байна. Тус төвийг ӨМӨЗО-ны Олон Улсын Худалдааг дэмжих хороо дэмжихээ илэрхийлжээ.
“Монголын худалдааны төв” нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, албан ёсны ил тод худалдааг
дэмжих зорилготой. Өвөрмонголын зах зээлд худалдаалж буй бараа, бүтээгдэхүүн
ихэвчлэн ганзагын хэлбэрээр буюу импортын бүртгэлгүй, татвар төлөхгүй худалдаалагддаг
тул тогтворгүй бизнес модельтой байдаг. Монголын худалдааны төв байгуулагдах
талбай нь гаалийн баталгаат бүс бөгөөд цахим худалдааны платформтой тул бараа
агуулахаас цахимаар худалдаалагдсаны дараа татвар төлөх боломжтой. Мөн
бараануудыг биет байдлаар сурталчлах хотын төв дэх талбайг Өвөрмонголын талаас
түрээсийн төлбөргүй гаргаж өгөх болжээ.
Уул уурхайн бус экспортыг дэмжих тусгай санхүүжилт бий
болгохоор МҮХАҮТ, Хөгжлийн банктай санамж
бичиг байгуулсан. Монголын худалдааны төв нь МҮХАҮТ-ын оролцоотой байгуулагдаж
буй гадаад дахь хоёр дахь төв. Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд
бизнесийн орчин, экспортын бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны хэрэглэгч,
бизнес эрхлэгчдэд сурталчлах Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төвийг 2021 онд ХБНГУ-ын Берлин хотод
нээсэн. 2023 онд ОХУ-ын Буриад Улс,
АНУ-д мөн төстэй төвийг нээхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр 4 төвөөр худалдаалах экспортын санхүүжилтийн эх
үүсвэрийг Монголбанк, Хөгжлийн банк,
Засгийн газар хамтран шийдэхээр
ажиллаж байгааг МҮХАҮТ мэдээллээ.