ЗАВХАН: Суманд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-29 14:37:43

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын баг Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан суманд ажиллав.

Энэ үеэр ажлын баг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэл, жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэдэд өглөө. Мөн энэ онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулан, иргэдийн асуултад хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Мөн үеэр аймгийн урд бүсийн чиглэлийн дээрх сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж заавар зөвлөмж өгөөд байна. Сумдын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэрээ сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид анхаарах асуудлуудын талаар сум, байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өгсөн.

Отгон сумын хувьд улсын төсвийн хөрөнгөөр сумын төвийн шинэчлэл төсөл хэрэгжиж буй. Энэхүү шинэ сум төслийн хүрээнд хийгдэж байгаа барилгын ажлын явц 70 хувьтай байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Сэрвэн-Овоот ХХК, зураг төслийн зохиогчоор “Инж байгууламж“ ХХК-ууд ажиллаж байна.

Шинэ сум төслийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хийсэн. Энэ оны 10 дугаар сарын 25-ны өдөр төслийн барилгын ажлыг хүлээлгэн өгөх юм. Өнөөдрийн байдлаар Отгон сумын шинэчлэл төслийн хүрээнд сумын төвийн гадна цэвэр, дулааны шугам сүлжээ 95 хувьтай, гадна бохир усны шугамын ажил 80 хувьтай, сумын төв доторх авто замын ажил 95 хувьтай байна. Харин усан сангийн ажил 50 хувь, цэвэрлэх байгууламжийн ажил эхлээгүй, халаалтын зуухны барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажил 100 хувь, сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 20 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Аймгийн Засаг даргын тайлан, уулзалтын үеэр дээрх сумдын иргэд өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарах, ялангуяа отор нүүдлийн асуудлыг аймаг хооронд хэлэлцээр хийх. Суманд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарах, сургуулийн багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа ялангуяа залуу гэр бүлүүдийг дэмжсэн бодлогыг тууштай ажил хэрэг болгох.

Малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох гээд цаг үеийн тулгамдсан олон асуудлын талаар санал хүсэлтээ уламжиллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Ташрамд аймгийн Засаг дарга 24 сумаар үргэлжлүүлэн тайлант уулзалтаа зохион байгуулж, орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож, ирэх оны аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгах юм байна. 


Холбоотой мэдээ