БУЛГАН: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт өнөөдөр эхэллээ.
Сургалтын зорилго нь аймгийн удирдах албан тушаалтнуудын онцгой комиссын гишүүд, алба мэргэжлийн анги, сумдын засаг дарга нарыг гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийн үед шуурхай зохион байгуулалт, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхэд оршино.
Өдрийн турш үргэлжлэх сургалтаар гамшгийн эрсдэлийн үнэлгээ, удирдлага зохион байгуулалт, олон нийттэй харилцах арга, ус, цаг уурын болон гал түймрийн аюулт үзэгдэлд хариу арга хэмжээ авах арга зүй, нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх болон хуарангийн зохион байгуулалтын талаар илтгэл, хэлэлцүүлэн танхим болон цахимаар 15 алба, 17 мэргэжлийн анги, нийт 1800 гаруй албан хаагч оролцож байна.
Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар, Булган аймгийн Онцгой байдлын газар болон олон улсын байгууллагын төлөөлөл хамтран удирдан зохион байгуулж удирдах бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, хамтын ажиллагааны чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.
Булган аймгийн засаг дарга, онцгой комиссын дарга Д.Пүрэв-Очир, "Булган аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт эхэлж байна. Манай аймаг 2013 онд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт, 2018 онд команд штабын дадлага сургуулийг зохион байгуулж байсан бол энэ удаад иж бүрэн сургуулийг дахин зохион байгуулж байгаа нь онцлог юм. Иж бүрэн сургуулилалт нь орон нутгийн гамшгийн эрсдэл, болзошгүй аюулыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой" хэмээгээд гамшгаас хамгаалах сургалтад амжилт хүслээ.