Олон улсын цахилгаан холбооны байгууллагын их хурал “Нэгдье, Холбоё” уриан дор болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-09-28 15:53:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ОУЦХБ/-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дэх их хурал /ITU PP-22/ Румын улсын Бухарест хотноо даваа гарагт /2022.09.26/ эхэлсэн.

 

Тус их хурал Румын улсын нийслэлд 2022.09.26-2022.10.14-ний өдрүүдэд “Нэгдье, Холбоё” уриан дор чуулж байгаа юм байна. Дижитал шилжилтийн ирэх жилүүдийн чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий энэ хуралд ОУЦХБ болон НҮБ-ын гишүүн бүх орны 3000 гаруй бодлого тодорхойлогчид, 200 орчим улс орон оролцож байгаа аж.

 

Монгол Улсаас Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо нар оролцож байна.

 

Дөрвөн жил тутамд хуралдан, ОУЦХБ-ын бодлого, стратегийг тодорхойлж, санхүүгийн төлөвлөгөөг баталдаг тус хурлаар ОУЦХБ-ын удирдлагын баг, зөвлөлийн гишүүн орнууд, радио зохицуулалтын зөвлөлийн гишүүдийг тус тус сонгодог.

 

Өнөөдөр уг хурлын индрээс Монгол Улсын ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ үг хэлэхдээ: “Румын улсын Засгийн газар болон Харилцаа холбооны удирдлага, зохицуулалтын үндэсний газар /ANCOM/-д, мөн энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, манлайлсан Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Хулин Жао, ОУЦХБ-ын удирдлагуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгээр зарлан, “Дижитал үндэстэн” болох зорилтын хүрээнд цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг УИХ-аар баталж, Монгол Улсад дижитал өөрчлөлтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан” хэмээн онцолсон юм.

 

Тэрбээр, Монгол Улс 1,9 сая хэрэглэгчтэй, 63 төрийн байгууллагын 2000 орчим төрийн үйлчилгээг багтаасан, 16 сая гаруй онлайн үйлчилгээг иргэдэд хүргээд байгаа “E-Mongolia” цахим систем нэвтрүүлсэн талаар дурдаад, Засгийн газраас “Дижитал үндэстний стратеги” 2027 он хүртэлх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталсан. Энэ хүрээнд Азийн технологийн төв орон болох зорилт тавин ажиллаж байна. Мөн гадаадын иргэнд цахимаар оршин суух эрх олгох, Монгол Улсад бүртгэлтэй компани байгуулах, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд татварын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, технологийн гарааны компаниудыг дэмжих, дижитал эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор инновацийн төвүүдийг барьж байна. Монгол Улсын Засгийн газар ОУЦХБ болон гишүүн орнуудтай хамтран ажиллаж, “ОУЦХБ-ын 2030 он хүртэлх хөтөлбөр” болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэдгээ илэрхийллээ.



Холбоотой мэдээ