ГОВЬ-АЛТАЙ: 1209 дурсгалт газрыг гэрэл зураг болон маягтаар бүртгэн баримтжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-27 15:53:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого Говь-Алтай аймагт амжилттай үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх журам”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын 2022 оны А/14 дүгээр тушаал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны А/556 тоот захирамжийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын ажил Говь-Алтай аймагт есдүгээр сарын 5-наас эхэлсэн.

Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоны 15300 км туулж, 1209 дурсгалт газрыг гэрэл зураг болон маягтаар бүртгэн баримтжуулж ажиллах тооллогын ажил үргэлжилж байна хэмээн аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ. 


Сонирхуулахад, Говь-Алтай аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 9 нь улсын хамгаалалтад байдаг бол аймгийн хамгаалалтад 33 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар байдаг ажээ. Улсын хамгаалалтад түүх, соёлын үл хөдлөх дурсгал:

1 Алтай сум: Шар тээгийн палеонтологийн дурсгалт газар

2 Бигэр сум: Бичигтийн бууцны хадны зураг, бичээс

3 Бигэр Номун ханы хийдийн туурь

4 Дарви сум: Гурван эрээний нурууны палеонтологийн дурсгалт газар

5 Жаргалан сум: Сүмийн дэнжийн цогцолбор дурсгал

6 Тоосготын хүн чулуун хөшөө

7 Тонхил сум: Шататын бэлчирийн цогцолбор дурсгал

8 Халиун сум: Цагаан голын хадны зураг

9 Цогт сум: Хиргист хоолойн булшнууд улсын хамгаалалтад бүртгэгджээ.


Холбоотой мэдээ