ДОРНОГОВЬ: М.ОТГОНЧИМЭГ: Сувилагчийн дипломын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ хийлгэхээр бэлтгэл ажлаа хангасан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-26 12:06:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Бүсийн хэмжээнд төдийгүй Монголдоо “Дорноговийн анагаах” хэмээн алдаршсан АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн захирал, бизнесийн удирлагын доктор, хүний их эмч Мангалын Отгончимэгтэй ярилцлаа.

Тэрээр  Дорноговийн анагаах ухааны сургуульд 1999 онд хүний их эмчээр элсэн суралцаж төгсөөд 2001 онд магистр хамгаалж, сургуульдаа эмгэг физиологийн багшаар, 2002-2016 онд сургалтын албаны арга зүйч, сургалтын албаны дарга, гадаад харилцаа, боловсрол хариуцсан дэд захирал зэрэг ажлыг үе шаттай гүйцэтгэж ирсэн бөгөөд 2022 оноос тус сургуулийн захирлаар ажиллаж байна. Түүнтэй уулзаж төрөлх сургуулийн түүхэн замнал, бахархал цаашдын хөгжил дэвшлийн талаар хөөрөлдөв.


-Таны  ажилласан жил, намтрыг харж байхад эмч мэргэжлээр суралцсанаас хойш салбартаа тасралтгүй ажиллаж ирсэн байх юм. Энэ хугацаанд сургуульдаа багшилж, мөн төрийн албанд ажиллахдаа эрүүл мэндийн салбарыг хариуцан ажиллаж байжээ?

 

-Хүүхэд байхдаа эмч болох хүсэлдээ хөтлөгдөн, ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр 1993 онд Дорноговийн анагаахын сургуулийн босгыг алхан хүний их эмчийн ангид элсэн орж байлаа. Хүүхэд байхад анагаахын сургуулийн багш, оюутнууд цаанаа нэг гоё, ийм л хүн болох юмсан гэж бодож байсан хүсэл минь биелж, 1999 онд сургуулиа төгсөөд тухайн үеийн удирдлагаар ажиллаж байсан Нямхүү захирал, захирлын зөвлөлийн гишүүдийн саналаар Эмгэг физиологийн багшаар үлдэн, ажлын гараагаа эхэлсэн  юм.  Мөн 2016 оноос 2021 оны хооронд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст мөн л эрүүл мэндийн салбарыг хариуцан ажиллаж байсан. Сэтгүүлч таны асуусныг эргээд бодоход нээрээ л салбараасаа хөндийрөөгүй юм байна.


-Төрөлх сургуульдаа багшилж байсан үеэ дурсвал?

 

-Анагаах Ухааны дунд сургуулиас коллеж болон өргөжсөн эхний жилүүдэд суралцаж байсан бидэнд АУИС-ийн эрдэмтэн, доктор багш нарынхаа номын шавь болох хувь тохиосон бөгөөд суурь болон мэргэжлийн суурь хичээлүүдийг заалгаж байлаа.

Их эмч бэлтгэж эхэлсэн цаг үеэс хамгийн чухал ажил бол багшлах боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх асуудал байсан төдийгүй мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд  их сургуулийн багш нар маань туслалцаа үзүүлж, дагалдуулан сургаж эрдэм мэдлэгээ харамгүй хайрласан.

Энэ нь тус сургуулийг хөл дээрээ босоход нь үнэлж баршгүй дэм болж байсан бөгөөд сургуулийн түүхтэй салшгүй холбоотой. Хөдөө орон нутагт эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх их үйлсэд оролцон, өөрийн сурсан мэдсэнээ зориулж, багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллана гэдэг тухайн үед сүрдмээр санагдаж байсан ч англи хэлээ сайжруулах, магистрт сурахыг анхны зорилгоо болгон, АНУ-д англи хэлний курст суралцсан нь миний ажил амьдралд том хөрөнгө оруулалт болсон юм.

Сургалтын байгууллагын хамгийн чухал зүйл бол гадаад харилцаа байдаг бөгөөд бид сургуулийнхаа гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш нараа эрдэмжүүлэх, сургах, оюутан солилцох зорилгоор Япон, Тайланд, Солонгос, Америк, Малайз зэрэг орны анагаах, сувилахуйн сургуулиудтай холбоо тогтоож, энэхүү үйл ажиллагааг голлон хариуцаж гүүр болон ажиллаж байлаа.


-Та  салбар сургуулийн захирлын ажлыг хүлээн аваад ямар бодлого чиглэл баримталж ажиллаж байна вэ?


-Салбар сургуулийн захирлын албыг хашиж эхэлснээс хойш багш нараа эрдэмжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлийг гол зорилгоо болгон ажиллаж байна.

АШУҮИС-иас салбар сургуулиудад Эрдэмтдийн зөвлөлийн анх байгуулах шийдвэр гаргасан нь багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлэх, эрдмийн зэрэг цолыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг судлах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон давуу талууд бий болж, багшлах боловсон хүчнийг дэмжсэн цөм арга хэмжээ болж байна.

Мөн сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг батлан, шаардлагатай мэргэжлээр багш нарыг их сургуулийн холбогдох бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдэд дадлагажуулах, мэргэшүүлэх, их сургуулиас доктор багш нарыг урьж ирүүлэн хичээл заалгах, багш нарт ажлын байрны сургалт явуулах зэрэг олон давуу талууд бий болж байгаа нь хөдөө орон нутагт эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж буй салбар сургуулиудын багш нарыг чадавхжуулах, сургалтын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна.


Сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хослуулан явуулахын зэрэгцээ их сургуулийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр манай хамт олон хичээн ажиллаж байгаа нь цаашид сургуулийн маань ирээдүйн хөгжил, сургалтын чанар, бэлтгэн гаргаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд чадвартай төгсөхөд нөлөөлөхөөс гадна  говийн болон зүүн бүсийн аймагт байрлах анагаахын ганц их сургуулийн нэр хүнд өсөх, өрсөлдөөнийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.


Оюутнууд суралцахын зэрэгцээ хүн болон төлөвших, эх оронч, хөдөлмөрч, нийгмийн харилцаанд зөв байхын утга учрыг таниулах зорилгоор АШУҮИС-иас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд нь оюутнуудыг хөглөх, нийгмийн идэвхтэй, санаачилгатай,  өөрийгөө илэрхийлэх чадвартай байхад ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ цаг үед сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, багшийн хөгжил, оюутны хөгжил, эмнэлгийн хөгжил зэрэг нь зэрэгцэн явагдаж байгаа нь цаашид амжилттай ажиллах үндэс болно.


“Дархан хил” үйл ажиллагааг АШУҮИС-ийн хэмжээнд нийт 90 орчим багш, оюутнуудыг хамруулан Монгол Улсын хилийн багана, хилийн заставтай танилцах, Хамарын хийд аялал, Оюутны хамтарсан тоглолт, уулзалт зэргийг анх удаа амжилттай  зохион байгуулсан нь АШУҮИС-ийн Оюутан хөгжил хөтөлбөрийн хүрээнд хийсэн хамгийн том бөгөөд хувь хүний эх орноо гэх сэтгэл, омогшил, төлөвшил, бахархал зэргийг бий болгосон маш сайхан ажил болсон.


АШУҮИС-аас салбар сургуулийн багшийн хөгжил, тэднийг эрдэмжүүлэх, докторын зэргийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээг авч, бодлогын түвшинд шийдвэрлэн дэмжиж байгаа нь манай сургуулийн хамт олны хувьд маш их талархалтай байна.


Энэ нь цаашдаа сургалтын чанар сайжрах, эрдмийн зэрэгтэй багш нарын тоо нэмэгдэх, сургалтын орчин бүрдэх, их сургуулийн доктор профессор багш нараасаа суралцах, туршлага судлах, боломжууд нээгдэж байгаа юм.


Бид хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байгаа ба тун удахгүй Сувилагчийн дипломын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ хийлгэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Хэрэгжүүлж буй бусад хөтөлбөрүүдээ үе шаттайгаар магадлан итгэмжлүүлнэ.


Манай сургуулийн ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй АШУҮИС-ийн үе үеийн удирдлагууд, эрдэмтэн багш нараараа бахархаж явдаг. Цаашид бид сургалтын чанараа сайжруулан, бүс нутгийн хөгжил, ялангуяа эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх их үйлсэд хичээн зүтгэж, олон улсад өрсөлдөхүйц эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилго тавьж байна.  


-Сургуулийн хувьд ямар бүтэц орон тоотой ажиллаж байгаа вэ?


-АШУҮИС-ийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн А/53 тоот тушаалаар батлагдсан орон тоогоор ажиллаж, Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 2022 оны бүтэц, нэршил Сургалтын алба, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба, Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн алба, Сувилахуйн тэнхэм нэртэйгээр өөрчлөгдсөн.


Сургалтын алба нь албаны дарга, багшийн хөгжил, төгсөлтийн дараах сургалт хариуцсан ахлах арга зүйч, хөтөлбөр болон сургалт хариуцсан хоёр арга зүйч, оюутан хариуцсан хоёр арга зүйч, дөрвөн тэнхим, 45 орон тооны багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын боловсрол олгох хоёр, дипломын боловсрол олгох гурван хөтөлбөрөөр 565 оюутан сургалтын үйл ажиллагаанд оролцож, хүний их эмч (44) 100 хувь амжилт, 91 хувийн чанартай, эм найруулагчийн (10) 100 хувийн амжилт, 80 хувийн чанартай, сувилахуй (10), сувилагч (23), лабораторийн техникч (20) тус тус 100 хувийн амжилт, 100 хувийн чанартай шалгуулж, 110 оюутан төгсөж орон нутагт томилогдов.


Багш нарын 19,5  хувь нь доктор, 100 хувь магистрын зэрэг цолтой, Анагаах ухаан, боловсрол судлалаар 12 багш докторантурт, нэг багш биотехнологиор докторантурт суралцаж байна.


-Гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр ямар ажил өрнүүлж байгаа бол?


-2021-2022 оны хичээлийн жилд гадаад харилцааг улам өргөжүүлэн Япон, Солонгос, ОХУ, Тайланд, АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны анагаах, сувилахуйн сургуулиудтай хамтын ажиллагаагаа сэргээн, гэрээ байгуулж эхлээд байгаа ба алсын зайн сургалтуудыг хамтран зохион байгуулж эхлээд байна. Японы Шизуока муж, Дорноговь аймаг хоорондын хамтын ажиллагааны 10 жилийн ойн хүрээнд Шизүока мужийн захиргаа, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Монгол Алтай Индастри ХХК хамтран ''Асаргаа сувилгааны ажил'' талаар мэдээлэл өгөх семинарыг зохион байгуулж, цаашид Шизуока мужийн Анагаахын сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж, багш, оюутан солилцох боломж бүрдлээ.

Японы Китасато сувилахуйн сургууль Дорноговь АУС-ийн хамтын гэрээний шинэчлэлийг хийж гэрээг сунгаж батлуулсан.


-Танай сургуулийн дэргэд “Мандах наран” оюутны түшиц эмнэлэг ажилладаг. Эмнэлгийн талаар онцолбол?


-“Мандах наран” оюутны түшиц эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022-2027 он хүртэл сунгасан. 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн салбар сургуулийн захирлын А/41 дүгээр тушаалаар нарийн мэргэжлийн 17 эмч, таван сувилагч ажиллаж байна. Эмнэлэг 664 хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж одоогоор 18,900,000 орлого төвлөрүүлсэн. Амбулаторийн үзлэг 180 хүн, урьдчилан сэргийлэх үзлэг 446, идэвхтэй үзлэг 42 эмэгтэйд хийжээ.


Нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр 11 сургалт зохион байгуулж, 800 гаруй хүнийг хамруулсан.


Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт аймаг үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулах хамруулж эхэлсэн бөгөөд 2022 онд гурван байгууллагын 446 хүнийг хамруулсан.


-Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” халдварын үед танай сургууль хэрхэн ажилласан бол?

-Дэлхий дахинаа тархсан Ковид-19 халдварын үед манай хамт олон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран ажилласан.


Коронавирусний халдвартай холбоотой мэдээ мэдээлэл, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгөх “Call center” мэдээллийн нэгдсэн төвийг сургууль дээр байгуулан, эмч, сувилагч багш нар, төгсөх ангийн 100 гаруй оюутантай хуваарь гарган ажиллаж, халдвартай холбоотой эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг цаг хугацаа орон зайнаас үл хамааран шуурхай өгч, тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлж, хөнгөн хэлбэр гэж оношлогдон гэрээр эмчлүүлсэн тохиолдол, аймаг орон нутагт хэрэгжиж байгаа хууль дүрэм тушаал шийдвэрийн хэрэгжилт халдварын тархалт хүн амын өвчлөлийн түвшин хүндрэл болон нас баралт үүсэхээс сэргийлж, эрүүл мэндийн байдлыг хянаж чадсан чухал үйл ажиллагаа боллоо.


Мөн “Багш- шавийн” эрдмийн чуулга уулзалт болон төгсөгчдийн уулзалтыг энэ оны гуравдугаар сарын 5-нд Дорноговь аймагт зохион байгууллаа. Багш шавийн эрдмийн чуулга уулзалтаар АШУҮИС-ийн Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, анагаахын шинжлэх ухааны эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийн ололт амжилт, инновацыг эмч, эмнэлгийн мэргэжилтэнд түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байран дахь тасралтгүй сургалтыг зохион байгуулж, багш шавийн нандин холбоог бэхжүүлж, орон нутгийн ард иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн.


Багш шавийн уулзалтын үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Мөн төгсөгчдийн уулзалт зохион байгууллаа.


-Нэгэн жарны түүхтэй сургуулийн ололт амжилт түүхэн замналыг яривал цаг хугацаа багадна. Та төрөлх сургуулийнхаа талаар юуг илүү онцлох вэ?


-Тэртээ 1962 оны намар Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн хоёрдугаар ангиас шилжүүлсэн 19 хүүхэдтэй  хоёрдугаар анги нэг, шинээр элссэн 110 сурагч бүхий нэгдүгээр ангийн дөрвөн бүлэг, нийт таван бүлэгтэйгээр 1962 оны 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийж, хичээлийн нээлтийг анхны захирал Д.Жамъянжав нээж үг хэлсэн гээд манай сургуулийн түүх эхэлдэг.


Сургуулийн анхны багш, анхны сурагчид, анхны ажилчид гээд бүгдээрээ л энэ сургуулийг бүтээн байгуулалцсан бахархалт хүмүүс. Жараад оны дундуур сургуулийн түүхэн бүтээн байгуулалтын он цаг эхэлж, сургуулийн биеийн тамирын талбайг нийт сурагчдын хүчээр байгуулж улаан буланг тохижуулсан төдийгүй аж ахуйн аргаар 200 оюутны дотуур байр, хүнсний сэрүүн зоорь, 400 суудалтай соёлын төв, багш, ажилчдын 22 айлын орон сууц, 120 суудалтай цайны газрын байрыг өөрсдийн гараар босгох ажлыг хоёрхон жилд амжуулсан нь хөдөлмөрч хамт олны хүчин чармайлт байлаа. Сургуулийн сургалтын чанар ч эрс сайжирч анги хамт олноороо шалгалтаа 100 хувь онц өгч байсан сайхан жишээ бий.


Манай сургууль эмч, эмнэлгийн ажилтныг бэлтгэх нөр их ажлаас гадна  аймаг орон нутагтаа соёлын ажлын үрийг тарьсан соёлч сургууль хамт олон байв. Тус сургууль 1982 онд “Улсын тэргүүний соёлч сургууль”, 1985 онд “Тэргүүний хамт олон” цол хүртсэн бол 1990 онд “Социалист хөдөлмөрийн аварга” сургууль болж байлаа.


-Сургуулийн түүхт ойг угтаж олон бүтээлч ажил өрнүүлэх шиг боллоо. Энэ талаар товчхон дурдвал?


-Тийм ээ, энэ жил сургуулийн 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан сургалтын орчин нөхцөлөө сайжруулах, бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хийж, хичээлийн нэгдүгээр байрны хоёр давхрыг багш, ажилчид өөрсдийн хүчээр засварлалаа. Мөн сургуулийн гадна талбай, анги танхимуудад засвар, тохижилт хийж оюутнуудын сурах таатай орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.


-Сургуулийнхаа цаашдын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?


-Маш өөдрөгөөр төсөөлж байна. Аж үйлдвэрийн хот болох ирээдүйтэй Дорноговь аймагт манай сургуулийн үүрэг оролцоо, боловсон хүчний хангалт эрэлт хэрэгцээ ч ихсэх нь гарцаагүй юм. Сургуулийнхаа түүхэн 60 жилийн ойг зохион байгуулахад бүтээлч хөдөлмөр, цаг заваа зориулан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа хамт олондоо талархаж байна.

Мөн сургуулийнхаа түүхт ойд зориулан хандив өргөж бүтээн байгуулах ажилд гар бие оролцож байгаа төгсөгчдийн холбоо, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа төгсөгчид, Дорноговь аймгаас сонгогдсон төрийн түшээд, аймаг орны удирдлагууд,  төр болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж байгаа хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ