БАЯН-ӨЛГИЙ: 2000 тоннын багтаамжтай төмс, хүнсний ногоо хадгалах агуулах барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-20 15:03:17

БАЯН-ӨЛГИЙ /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 2000 мянган тонн төмс, хүнсний ногоо хадгалах багтаамжтай агуулах барина гэж УИХ-ын гишүүн Т.Аубакир тойрогтоо ажиллах үеэр мэдэгдлээ.

Уг ажлын санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт суулган хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба нийт өртөг нь 2,5 тэрбум төгрөг аж.

Ирэх оны төсөвт Баян-Өлгий аймгийн хөдөө аж ахуйн салбарыг механикжуулахад буюу газар тариаланд ашиглах техник, тоног төхөөрөмжүүдээр хангахад зориулж 2,5 тэрбум төгрөг суулгахаар болжээ. Харин үүний дараа агуулах барих асуудлыг шийднэ.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Баяннуур суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 150 тонн, Алтанцөгц суманд 100 тонн, аймгийн төвд "АДРА Монгол" олон улсын байгууллагын тусламжаар барьсан 100 тоннын багтаамжтай агуулах, мөн иргэд өөрсдөө барьсан зоориуд байгаа.

Гэвч эдгээр агуулахууд нь хүнсний ногоо, нарийн ногоогоо удаан хугацаагаар хадгалж, ард иргэдийг тогтмол, найдвартай бүтээгдэхүүнээр хангахад хүрэлцдэггүй гэдгийг тариалан эрхлэгчид хэлж байна.    

Холбоотой мэдээ