УУХҮЯ: "Хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт"-ын зарчим барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-20 12:27:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн турш үргэлжлэх уул уурхайн салбарын үйл ажиллагааны хүрээнд “Уул уурхайн салбар 100 жил” сэдвээр Засгийн газрын цаг ажиллуулж, “Нэн тэргүүнд аюулгүй байдал” бага хурал боллоо.


Мөн “Mongolia mining-2022” хөрөнгө оруулалтын форум, “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” TEDTalk бага хурал, “Үйлдвэржилтийн төлөвлөлт” болон “Үүсмэл ордын ашиглалт” онол практикийн хурал, Гүнийн уурхайн симпозиум, “Орон нутаг ба иргэдийн оролцоо” салбар хуралдаанаар үргэлжилж, “Степ Арена”-д маргааш уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийн “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг дэлгэх юм.


Уулзалт нь УИХ-ын гишүүн, УУҮХ-ийн сайд Ж.Ганбаатарын хэлснээр, бүхэлдээ уул уурхайн салбар нэгэн зууны ажлаа дүгнэхийн сацуу дараагийн зууны хөгжлийг чиглэлийг тодорхойлох зорилготойг онцолж, салбарын хөгжлийг эрчимжүүлэхийн тулд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжих нь эх орны тогтвортой хөгжлийн баталгаа бий болгох хариуцлагатай цаг үед ирээд буйг тодотгосон юм.


Тиймээс салбарын яамнаас "Хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт" гэсэн зарчимд тулгуурласан бодлогын хэрэгжүүлэхээ илэрхийлж, гол нь уул уурхай хариуцлагатай байхыг чухалчилж үүнийг бүрэн дүүрэн дэмжинэ ажиллана гэдгээ тэрээр онцолж байна.


Өнөөдөр эрдэс баялгийн салбарын хөгжлийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо багасч байгаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын илтгэл буурснаар хөрөнгө нэмэгдэхгүй байгаа, салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц эсэргүүцэл нэмэгдэж, нөгөө талдаа хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай байсаар байгаа явдал хязгаарлаж буйг тодорхойлж байна.


Чуулга уулзалтаар өнөөдөр "Уул уурхайн хаалт олон улсын жишээ"-г танилцууллаа. Герман улсад урд өмнө нь уурхайн зориулалтаар ашиглаж байсан газруудыг амралт, зугаалгын чөлөөт бүс болгосныг жишээ татаж байв. Манай улсын хувьд Бэрхийн далд уурхайг музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв болгохоор зорьж байгаа. Энэ хүрээнд судалгаа, шинжилгээний ажил хийгээд үндсэндээ дуусчээ. Ерөнхий төлөвлөлт нь 10 га бөгөөд 5 га-д тохижуулалт хийхээр тооцон төлөвлөснийг мөн танилцууллаа.


Уул уурхайн долоо хоногийн үйл ажиллагаа өчигдөр “Нэн тэргүүнд ХАБ” салбар хурлаар үргэлжилсэн юм. Жил бүр зохион байгуулдаг эрүүл, аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилготой уг хурал “Аюулгүй байдалд: Манлайлал ба Оролцоо” уриан дор боллоо.


Хурлыг ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиа баталж, талуудын үүргийг тодорхойлж тогтолцоог бүрдүүлсэн. Хуулийг хэрэгжүүлэхэд хамтын манлайлал чухал гэдгийг онцолж, салбар болон нэгдсэн хуралдаанаас гарсан зөвлөмжийг ажил хэрэг болгоход манлайлах үүргийг бид хүлээж байна гэдгийг тодотголоо


Холбоотой мэдээ