“Базальт арматур” бүрэн автоматжуулсан үйлдвэрээ ажиллуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-20 12:12:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Базальт ХК Монголын барилгын салбарын нэн хомстолтой барилгын материал болох ган арматурыг орлохуйц базальт мяндсан арматурын үйлдвэрлэлээ эхлүүллээ.


Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай арматур үйлдвэрлэгч 3 байсан нь ийнхүү тоогоо нэмж байна. Тус компани монголын байгалийн баялаг түүхий эд болох базальт чулуунаас мяндсан нийлэг материалыг гарган авч, төмөр арматураас 3 дахин бат бөх, нягт чанартай арматурыг 100 хувь өөрсдийн инновац, технологийн мэдлэг туршлагаар үйлдвэрлэж байна.

Монгол Улсын арматурын жилийн хэрэгцээ дунджаар 250,000-350,000 тн. Нийт арматур хэрэгцээнийхээ 70 орчим хувийг урд, хойд хөршөөсөө импортолдог. “Монгол Базальт компани жилд 10 мянган тн базальт арматур үйлдвэрлэснээр барилгын салбарт хамгийн их хомсдолтой материалыг дотооддоо тогтмол хангах эхлэл тавигдаж байна. Тодруулбал, барилгын тэгээс доош байгууламж, бетон зам, далан, гүүр, туннель, цэвэрлэх байгууламж, амины орон сууц, бетон хийцэд стандартын дагуу хэрэглэгдэх хөнгөн, уян чанарын арматурыг хангах юм.

Базальт арматур нь барилгын бетон хийцийг бат бөх болгохоос гадна зэврэлтээс хамгаалж насжилтыг уртасгах онцлогтой тул иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжийн тэсвэртэй чанарыг нэмэх аж.

Монгол Базальт ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол Улсын зөвлөх инженер Лриунболд хэлэхдээ “Бид хүнд аж үйлдвэрийн салбарт хамгийн шилдэг инновац хөгжүүлэгч компани болохыг зорьж ирлээ. Цар тахлын үеэр эхэлсэн базальт арматур үйлдвэрийн төсөл ийнхүү хэрэгжлээ. “Монгол Базальт ХК-ийн 50 гаруй инженер, нарийн мэргэжилтний олон жилийн судалгаа шинжилгээ, хичээл зүтгэлийн үр дүнд барилгын материал үйлдвэрлэлийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, өргөн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоо амжилттай биелүүллээ” гэв.



Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгчээр өргөмжлөгдсөн Монгол Базальт ХК нь базальт чулуунаас дулаан тусгаарлагч хөвөн материал үйлдвэрлэхээс гадна базальт арматур, хоолой, базальт хөрсгүй тариалалтын технологийг эх орондоо нэвтрүүлж, ирээдүйд тогтвортой хөгжлийг дэмжсэн өндөр хүчин чадалтай үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болох сууриа бэхжүүлсээр байна.


Монголын Улсын хувьд 2030 он гэхэд жилийн арматурын хэрэгцээ 400 мянган тоннд хүрнэ. Арматур үйлдвэрлэгч 15 компани нэгдсэн дүнгээр 100 мянган тн хүрэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадаж буй 4 компани бий.


Монгол Улс өнгөрсөн онд 210 мянган тонн арматур хэрэглэснээс 12.3 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэжээ. Түүний 70 хувийг БНХАУ-аас импортолдог. Манай улс дотооддоо жилд 50 мянга орчим тонн арматурыг үйлдвэрлэдэг бөгөөд 2019 онд 55.7 мянган тонныг үйлдвэрлэсэн аж. 

Холбоотой мэдээ