Японд “COVID-19”-ийн давлагааг сааруулахын тулд иргэдийг “омикрон”-ы вакцинд хамруулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-09-20 11:46:20

ТОКИО. /Japan Times/. Японд “COVID-19” халдварын долоо дахь давлагааг сааруулах хүчин чармайлтын хүрээнд иргэдийг коронавирусний “омикрон” хувилбарын вакцинд мягмар гаргаас хамруулж эхэлж байна.


Эхний ээлжид 60 болон түүнээс дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнууд дөрөв дэх тунд хамрагдах бол ирэх 10 дугаар сарын дунд үеэс 12-оос дээш насны, хоёр тунд хамрагдсан хүмүүсийг хамруулж эхэлнэ.


Засгийн газар үнэ төлбөргүйгээр хамруулах нэмэлт тунд хамрагдах хүсэлтэй бүх хүнийг оны эцэс буюу шинэ жил баярын үе гэхэд дархлаажуулахаар төлөвлөж байна.


АНУ-ын “Pfizer”, “Moderna” компанийн нэмэлт тунгуудыг “омикрон”-ы “BA.1” дэд хувилбарын эсрэг үйлчлэх зориулалтаар гарган авсан бөгөөд Японы Эрүүл мэндийн яам өнгөрсөн долоо хоногт зөвшөөрөл олгосон юм.


Kyodo” агентлагаас явуулсан судалгаагаар Японы 47 мужийн нийслэл хотуудын 80 хувь нь энэ сарын эцэс гэхэд вакцинжуулалтын ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Засгийн газар 10-11 дүгээр сард өдөрт нэг сая тун вакцин тарих зорилт дэвшүүлжээ.


Японы иргэд “COVID-19”-ийн вакцины өмнөх тунд хамрагдсанаас хамгийн багадаа таван сарын дараа нэмэлт тунд хамрагдах боломжтой байна. Гэхдээ зарим улс орнуудад гурван сар болон түүнээс бага хугацаанд хамрагдахыг зөвшөөрч байгаа тул Эрүүл мэндийн яам хугацааг богиносгох талаарх шийдвэрийг 10 дугаар сарын сүүлээр гаргаж магадгүй байна. 

Холбоотой мэдээ