АРХАНГАЙ: "Төрийн тахилгат Суварга хайрхан ууланд холбогдох түүх, шашин, соёлын судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-19 14:16:17
Архангай /МОНЦАМЭ/. "Төрийн тахилгат Суварга хайрхан ууланд холбогдох түүх, шашин, соёлын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 23, 24-ний өдөр аймгийн төв Цэцэрлэг хотод зохион байгуулна.

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУИС, Архангай аймгийн ЗДТГ, Цэнхэр сумын ЗДТГ, аймгийн музей хамтран зохион байгуулах аж.

Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журамд тодорхой зааснаар тахилгат уул овооны үүх түүх, дэг жаяг, байгаль цаг уурын онцлог, ургамал амьтан, биологийн төрөл зүйлийг эрдэмтэн мэргэд, судлаачид, нутгийн ард иргэдийн оролцоог түшиглэн уулзалт зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалтаар хийхээр журамласан байдаг.
Хуралд урилгаар:
Шинжлэх ухааны доктор, профессор Л.Дашням
Доктор О.Бумдарь
Доктор Д.Мөнх-Очир
Доктор, гавж Ц.Отгонбаяр
Доктор С.Баянмөнх
АУ-ны магистр Б.Батхуяг болон судлаачид илтгэл тавина.

Ташрамд сонордуулахад, 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Суварга хайрхан уулыг төрийн тахилгатай болгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн 183 дугаар зарлиг гарснаар 2009, 2014, 2019 онд тус тус Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болж байв.
2024 онд Суварга хайрхны төрийн тахилга болно.
Холбоотой мэдээ