АРХАНГАЙ: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сард зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, ОБЕГ-ын дарга, Архангай аймгийн Засаг дарга нарын байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсанаар энэ онд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг мэргэжлийн анги, байгууллагуудын дунд зохион байгуулна.
Архангай аймагт 2017 онд Гамшгаас хамгаалах команд штабын иж бүрэн дадлага сургууль, 2021 онд “Хангай 21” үйл ажиллагааг зохион байгуулж байсан.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-т аймгийн 12 сум хамрагдана. Бэлэн байдлын үзлэгийг ОБЕГ-аас ажлын баг томилогдон ирж зохион байгуулах бөгөөд энэ сарын 20-нд хийхээр урьдчилсан тов тогтоод байна.
ОБЕГ-ын даргын тушаалаар баталсан журам, үнэлгээний хуудасны дагуу мэргэжлийн анги, байгууллагуудын машин техник, хувцас, норм төлөвлөгөө, төлөвлөлт, хэрэгжилт, хүн нэг бүрийн үүргэвч зэргийг нарийн үзэж шалгах юм.
Бэлэн байдлын үзлэгт бэлтгэл хангаагүй, журмыг хэрэгжүүлээгүй орон нутгийн гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн анги, хуулийн этгээдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.
Дүүрэн хангалттай дүнтэй шалгуулсан бол холбогдох ажилтан, албан тушаалтныг сайдын нэрэмжит шагнал болон ОБЕГ-ын шагналаар шагнаж урамшуулдаг журамтай ажээ.