Тал хээрийн бүсэд агро ой хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-09-14 09:04:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад ХАА-н менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM) төслийг хэрэгжүүлж байна. Төслийг хамтран хэрэгжүүлэгч Чех улсын Брно дахь Менделийн нэрэмжит Их сургууль Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран генетикийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Грегор Менделийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулав.

Өдгөө Чех улсын Брно дахь Менделийн нэрэмжит их сургууль нь хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт явуулдаг дэлхийн шилдэг сургуулиудын нэг бөгөөд Монгол Улсад STREAM төслийг Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

Дээрх STREAM” төслийн талаар Монгол дахь зохицуулагч Б.Энхтуяагаас тодруулав. Тэрбээр ой, хөрсний биологич мэргэжилтэй, Чех улсын Карлын Их сургуулийг төгссөн, одоо Менделийн Их сургуулийн ойн багш, судлаачдын багтай хамтран эх орондоо ажиллаж байна.


STREAM” төсөл нь ХАА болон ойн менежментийг сайжруулах гэсэн 2 хэсэгтэй, Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Европын холбооны хөрөнгө оруулалтаар манай улсын Сэлэнгэ, Хэнтий аймгийн 6 суманд хэрэгжүүлж эхэллээ. Ойн менежментийн төслийг Чехийн Менделийн Их сургууль болон Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага GIZ хамтран хэрэгжүүлж байна.  Мэдээлэл, сургалтыг нь GIZ хариуцаж байгаа бол орон нутаг дахь ойн үйл ажиллагааг Чехийн тал гардан гүйцэтгэж байна.


Төсөл дээр дурдсанаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Баян-Адрага, Биндэр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон, Мандал сумын Түнхэл тосгон болон Жавхлант суманд хэрэгжиж эхэллээ. Эдгээр сум нь эко системийн өөр өөр тогтоцтой. Тодруулж хэлбэл, Бугант нь илүү тайгын нөхцөлтэй, жодоо зэрэг шилмүүст мод зонхилж ургадаг бол Хэнтийд нарс ихэвчлэн ургадаг онцлогтой. Жавхлант сум нэг их ойгүй, тал газар ч гэсэн бид элс, цөлжилтөөс сэргийлэн салхины хаалт хийн, агро ойг хөгжүүлэхээр ажиллаж байна гэв.


Манай улсад ойн менежментийг сайжруулах хэрэгцээ, шаардлага хэрхэн үүсэв гэсэн асуултад Монголд ойн хамгаалалт, цэвэрлэгээ, арчилгаа, огтлол тайралтаас аваад зохих шугмаар хийдэггүйг хэлж байна. Тиймээс энэ тал дээр мэргэжлийн сургалт, зөвлөгөө дутагдаж ирснийг тодотголоо. Мөн гол нь тал хээрийн бүсэд агро ойг хөгжүүлэх хэрэгцээ байгааг хэлэв.


Чехийн ойн мэргэжилт багш, судлаачид өнгөрсөн 4-5 дугаар сард дээрх сумдад ажиллаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол одоо дахин ирж төслийн үндсэн ажилдаа орж байна гэв. Төслийн хүрээнд Монгол, Чех, АНУ, Румын гэсэн олон улсын 12 их, дээд сургуулийн консерциум байгуулан ажиллаж буйг тэрбээр онцоллоо.


Энд Монголоос ХААИС, МУИС болон Налайх дахь Монгол-Германы Технологийн гэсэн 3 сургууль хамрагдан оролцож байна. Чехээс Менделийн болон Карлын гэсэн мөн 3 их сургууль орж байна. Мөн Румын улсын Трансильванийн зэрэг Европоос 5 их сургууль оролцож байна. Дээрх сургуулиудын төлөөлөл Монголд ирээд байна. Тодруулбал, Дэлхийн Улиангарын нийгэмлэгийн тэргүүн, Трансильванийн Их сургуулийн ректор, Словакийн Техникийн Их сургуулийн ойн мэргэжилтнүүд, АНУ-ын Ютагийн Их сургуулийн багш нар манай улсад ирээд байна.


Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил төслийн талаар хэлэхдээ, “Манай ЭСЯ-наас Чехийн шинжлэх ухаан, генетикийн их ухаантан эрдэмтэн Грегор Менделийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан өнөөдрийн үйл ажиллагаа, үзэсгэлэнг зохион байгуулж байна. Чехийн Брно хотын түүний нэрэмжит Их сургуулийн эрдэмтэн, судлаач багш нар Монголд тогтвортой ХАА-г хөгжүүлэх, ойн менежментийг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж эхэлж буйд баяртай байна гэв. 



Нэрт биологич, цаг уурч, математикч Грегор Мендел нь 1822 онд өнөөгийн Чех улсын Моравийн тосгонд мэндэлжээ. Түүний амьтан, ургамлын генийн судалгаа шинжилгээний салбарт оруулсан хувь нэмэр болон генетикийн шинжлэх ухааныг нээсэн болохыг нь бүр ХХ зууны дунд үеэс дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн юм.

Холбоотой мэдээ