Улсын цолны болзол хангасан хүчтэнүүдийг мялаалга наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-16 15:22:57

2016 оны Монголын үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглоход Орхон-Урд Тамирын голын залуус болох Ч.Санжаадамба улсын аварга, Р.Пүрэвдагва улсын арслангаар, М.Бат-Отгон, Э.Ванданцэрэн, Ц.Нямдорж, Л.Шинэбаатар нар улсын начин цол хүртэж нутаг ус, аавынхаа нэрийг орон даяар дуудуулсан. Тэдний цолыг мялаах наадам наймдугаар сарын нэгэн, арван нэгэн, арван гурван, арван дөрвөнд Батцэнгэл, Булган, Цэнхэр, Хашаат суманд боллоо.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлүүдээс нийслэл хотод улсын арслан, даншиг наадмын аварга Р.Пүрэвдагвад гурван өрөө, улсын начин Э.Ванданцэрэн, Ц.Нямдорж нарт тус бүрд хоёр өрөө орон сууц бэлэглэж, түлхүүрийг тухайн сумын Засаг дарга Г.Давааням, Б.Батжаргал нар гардууллаа. Цэнхэр сумын уугуул, Улаанбаатар хотын харъяат иргэн Э.Болорчулуун хүргэн Ц.Нямдоржийг “Parodo-200”-маркын хөнгөн тэрэг, нутгаасаа төрсөн Э.Ванданцэрэнг гурван сая төгрөгөөр мялаалаа.

Монгол Улсын начин, Архангай аймгийн алдарт уяач Д.Дашцэрэн өөрийг нь залгамжлан 16 жилийн дараа Цэнхэр сумаас хосоороо улсын начин цолны болзлыг хангасан нутгийн дүү нартаа тус бүрд нь таван сая төгрөгийг бэлэглэв.

Дашрамд дурьдахад 2000 онд улсын начин цолыг Цэнхэр сумаас Д.Дашцэрэн, Ц.Цэрэнчимид нар хослон хүртэж, баяр наадам хийж байсан цаг саяхан.

Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ