ТӨВ: Батсүмбэр суманд 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-09 15:18:11

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Батсүмбэр суманд 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Тус сургуулийг улсын төсвийн 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Клаймакс" ХХК барьж гүйцэтгэсэн байна. Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургууль нь 116 багш, ажилтантай. 49 бүлэг, 1591 сурагчтайгаар 3 ээлжээр хичээллэж байсан бөгөөд уг сургууль ашиглалтад орсноор нэг ээлжиндээ хичээллэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн хичээлийн бус цагаар хүүхэд хөгжүүлэх орчин бүрдэж байна хэмээн албаныхан онцоллоо. 
Батсүмбэр сум нийт 7000 хүн амтай бөгөөд хүн амынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг, хүн амын төвлөрөл суурьшил ихтэй томоохон сум юм. Иймд тус суманд хийгдэх хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлэн 160 хүүхдийн 2 дотуур байр, 920 хүүхдийн сургуулийн барилга, Мандалын төмөр бетон гүүрийг шинээр барьж, Сөгнөгөрийн услалтын систем, Бага сургуулийн спорт заал, хичээлийн байрны засвар зэрэг нийт 23.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг улс, орон нутаг, төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгээд байна.

Мөн ирэх жилүүдэд дотуур байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, бага сургууль, цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж, 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөлд Сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэлх 7 км хатуу хучилттай авто зам барих саналыг хүргүүлээд байна.
Төв аймаг төрийн үйлчигээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, нийгмийн салбарын барилга байгууламжийг шинэчилж иргэдийг сум орон нутагтаа чанартай амьдрах, хүүхэд багачуудыг ая тухтай орчноос боловсролын салбарын үйлчилгээ авах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 2016-2022 онд 345.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгээд байгаа аж. 

Холбоотой мэдээ