БАЯН-ӨЛГИЙ: Алтай, Цэнгэл суманд гарсан түймэрт 3.5 га газар шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-07 16:37:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай, Цэнгэл суманд гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулж хэлбэл, тус аймгийн Алтай сумын сумын Хар нуур багийн Чихэртэй гэдэг газарт энэ сарын 4-ний өдөр, Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн Улаан үзүүр хэмээх газарт энэ сарын 6-ны өдөр хээрийн түймэр гарсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу онцгой байдлын байгууллагын гал сөнөөгчид сумдын мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй хамт дээрх хээрийн түймрүүдийг унтраахаар ажиллаж байна.

Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр Алтай суманд гарсан түймрийг энэ сарын 4-ний өдөр 20.50 цагийн үед, Цэнгэл сумын гарсан түймрийг 6-ны өдрийн 19.50 цагийн үед тус тус цурамд оруулсан. Өнөөдөр бүрэн унтрааж дуусах бөгөөд одоо үзлэг хийж байгаа аж.

Албаны эх сурвалжийн тайлбарласнаар Алтай сумын Чихэртэйд урьдчилсан байдлаар 2 га, Цэнгэл сумын Улаан үзүүрт 1,5 га газар шатжээ. Одоо түймэр гарсан шалтгааныг тодруулахаар хуулийн байгууллагууд ажиллаж байна. 

Холбоотой мэдээ