АРХАНГАЙ: Гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 84 хүн гэмтэж бэртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-05 17:18:50

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны эхний 8 сарын байдлаар 306 гэмт хэрэгт 247 хүн холбогджээ. 

Гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 84 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 760.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Нийт учирсан хохирлын 55.7 хувь буюу 423.9 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 

Нийт 306 гэмт хэргийн дотор хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 83, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 143, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 16, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 41, бусад 23 гэмт хэрэг гарсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 105 (52.2%) тохиолдлоор өссөний дотор хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 17 (25.8%) тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 67 (88.2%) тохиолдлоор, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 19 (86.9%) тохиолдлоор, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын  журмын эсрэг гэмт хэрэг 7 (77.8%) тохиолдлоор тус тус өсжээ. 

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 1, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 1, нийтийн албаны  ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 2, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 6, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7 бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн нийт хэргийн 6.2 хувийг бүлэглэж, 18.0 хувийг согтуугаар үйлдсэн ба зөрчил гаргасан 237 хүнийг албадан саатуулж, 312 хүнийг баривчилсан байна.

Дээрх хугацаанд аймгийн хэмжээнд нийт 14841 захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3805 тохиолдлоор нэмэгдсэн байна.  


Холбоотой мэдээ