Хотын дарга Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзан, Улаанбаатар хот АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Уулзалтын эхэнд Хотын дарга “Хамтарсан төсөл хөтөлбөр
хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Улаанбаатар хотын хөгжлийн загварчлал бол
улсын нүүр царай. Аялал жуулчлал, бизнес инновацийн салбарт мөн чухал ач
холбогдол өгч ажиллахыг хүсье. Эдгээр салбарт онцгойлон анхаарч, хамтран ажиллах өргөн бололцоо бий” хэмээн
өгүүллээ.
Элчин сайд Ө.Батбаяр “Улаанбаатар хот ногоон хот болох
учиртай. Денвер хот ботаникийн томоохон хэмжээний хүрээлэнтэй. Энэ ботаникийн хүрээлэнтэй хамтран ажиллах, Богдхан
уулыг Монгол Улсын жишиг дархан цаазат газар болговол аялал жуулчлалын салбарт
том түлхэц болно” гэсэн санал хэллээ.
Тэрбээр цааш нь
ярихдаа, “Улаанбаатар, Денвер хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 21
жилийн ой, Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд
тохиож буй. Мөн цар тахлын үед завсарлаад байсан харилцааг гүнзгийрүүлэх, нөгөө
талаас Денвер, Улаанбаатар хотын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхээр Хотын
даргатай уулзаж, санал солилцлоо. Улаанбаатар хот жижиг, дунд үйлдвэрлэл,
үйлчилгээг дэмжих төсөл, хөтөлбөрийг
АНУ-ын талтай хэрхэн уялдуулах зэрэг сэдвээр мэдээлэл солилцсон. Монголчуудын хувьд АНУ-ын зах зээлд гарч
ажиллах тэргүүлэх салбарын нэг нь мэдээллийн
технологи. Энэ салбарт хөрөнгө оруулах, зах зээлд гаргах хэрэгтэй. Улаанбаатар хот бол аялал
жуулчлалын үүд хаалга, улсын нүүр царай болж буй газар учир аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх ёстой.
Музей, дурсгалт газруудыг шинэчлэх, аялал жуулчлалын бусад бүтээгдэхүүнийг бий
болгох учиртай. Энэ тал дээр хамтарч ажиллах шаардлагатай” хэмээлээ.
Уулзалтын төгсгөлд хамтран ажиллах боломжийн талаар
судлахаар тохиролцлоо.