Б.Мөнхзул: Шийдвэр гаргахад эмэгтэй, эрэгтэйчүүдийн оролцоо тэнцвэртэй байвал хамгийн оновчтой шийдвэр гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2022-08-29 09:07:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” Үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэхэд МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл тодорхой хувь нэмэр оруулдаг. Тэгвэл энэ чуулганд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ямар оролцоотой оролцож байгаа талаар МҮХАҮТ-ын дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дарга, "Жүр үр" компанийн захирал Б.Мөнхзултай ярилцсанаа хүргэе.


-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулганд ямар зорилттой оролцож байна вэ?

-МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл /ЭБЭЗ/-д Танхимын гишүүн 1100 гаруй эмэгтэй захирал бүртгэлтэй байдаг. Түүнчлэн орон нутагт салбар зөвлөлүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Бизнесийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ЭБЭЗ-д нэгддэгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл манай зөвлөл бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээл, амжилтаа  хуваалцах, болохгүй байгаа зүйлд гарц гаргалгаа, шийдэл олоход хөшүүрэг болох талбар юм. Сүүлийн таван жилд эмэгтэйчүүд бизнесийн орчны асуудалд анхаарал хандуулж, дуу хоолойгоо нэгтгэх нь идэвхжсэн. Тухайлбал эмэгтэй бизнес эрхлэгчид тодорхой судалгаануудад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хууль, Татварын багц хууль, ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчлэлд саналаа тусгуулахын төлөө ажиллалаа. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдтэй танилцан маш олон санал, санаачилгуудыг гаргаж ирсэн. Энэ чуулганд эмэгтэй бизнес эрхлэгчид үндсэн гурван асуудлыг чухалчилж байна.  “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулах, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг бодитоор дэмжих хөшүүргийг бий болгоход саналаа хэлнэ. Гуравдугаарт хөдөлмөрийн зах зээл дээр үүсч байгаа нэг асуудал бол эзэнгүй ажлын байр, нөгөө талд ажил хайж байгаа иргэд бий. Энэхүү эрэлт, нийлүүлэлтэд үүссэн зөрүүг яаж арилгах вэ гэдэгт бодлого хэрэгтэй байгаа. Үүнийг ямар бодлогоор дэмжих талаар эмэгтэй бизнес эрхлэгчид саналаа төр засагт уламжилна.


-Эмэгтэйчүүд нэгдэж чаддаггүй, бие, биенээ дэмждэггүй гэсэн ойлголт нийгэмд бий. МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл нэлээн өргөжжээ. Гэхдээ бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань хэр нэгдэж, хүчирхэгжиж байгаа вэ?

-Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үг бий. Хүн эхлээд өөрийгөө боловсруулахын төлөө явдаг. Энэ хэрээрээ зорилго улам тэлнэ гэсэн үг. Миний хувьд 24 жил хүнсний салбарт ажиллаж байна. Хувь хүн болоод компанид зарцуулах цаг их байсан. Улмаар компанийн үйл ажиллагаа тогтворжоод туршлагажих тусам ирээдүйд бэлтгэгдэж буй бизнес эмэгтэйчүүдэд гэрэл гэгээ болох юмсан гэсэн эрмэлзэл бий болдог юм байна. Энэ эрмэлзлийг МҮХАҮТ-ын дэргэдэх ЭБЭЗ улам өнгөлж байна гэж хэлж болно. МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлийн даргаар ажиллаад 5 сар болж байна. ЭБЭЗ хуулийн төсөл яриад явж байна гэдэг бол тодорхой хэмжээнд түвшин ахиж буйн илрэл юм. Орон нутагт Архангай, Говь-Алтай, Өмнөговийн ЭБЭЗ-ийн салбарууд маш идэвхтэй нэгдэн ажиллаж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явж  байгаа. Зөвлөлөөс мэдлэг, мэдээллээр сэлбэж, олон жилийн туршлагатай бизнес эмэгтэйчүүд маань туршлагаасаа хуваалцаж зөвлөдөг. Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслийн хүрээнд менторшип хөтөлбөрийг эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд хэрэгжүүлж 45 ментор, 45 менти хамрагдаж байна. Энэ нь эмэгтэйчүүдээ дэмжих, тэднийг хөгжүүлэхэд бодитой хөшүүрэг болж байгаа. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчид кластераар хамтарч ажиллах гээд ахицууд гарч байна.


-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын 13 эмэгтэй гишүүн “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийг саяхан УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд эмэгтэй бизнeс эрхлэгчдийн санал хэр туссан бэ?

- Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар сайжрах, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах зэрэг нийгмийн олон асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Энэ утгаараа МҮХАҮТ-ын дэргэдэх ЭБЭЗ дээрх хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан.


2021 оны Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан Дэлхийн жендерийн ялгааны тайланд Монгол Улс жендерийн тэгш оролцооны индексээр 156 орноос 69 дүгээр байранд жагссан. Үзүүлэлтээр нь задалвал боловсрол эзэмших эрх чөлөөгөөрөө 156 орноос 70 дугаарт, эдийн засгийн харилцаанд оролцох боломжоороо 23-т орсон. Харин улс төрийн эрх мэдлээр манай эмэгтэйчүүд 156 орноос 115–т жагсаж байх жишээтэй. Боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлтийн хувьд монгол эмэгтэйчүүд боломжийн байна гэж дээрх тайлангаас харж болохоор байгаа юм. Гэхдээ шийдвэр гаргалтын түвшинд шат ахих тусах эмэгтэйчүүдийн оролцоо хумигдмал байсан хэвээр байгааг тайлангаас харж болно. Түүнчлэн 2021 оны 11 дүгээр сард хийсэн аж ахуйн нэгжийн тооллогоор 147 мянган аж ахуйн нэгж  тоологдсон бөгөөд эмэгтэй захиралтай компани 37 хувь, эрэгтэй захиралтай компани 63 хувь байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо тэнцвэртэй байж чадахгүйг дээрх судалгаа илтгэж байна. Аж ахуйн нэгжийн бүлгээр аваад үзвэл жижиг, бичил бизнест эмэгтэйчүүдийн оролцоо давамгайлж байна. Дундаж аж ахуйн нэгжид эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй ойролцоо бол бизнес томрох тусам эмэгтэйчүүдийн оролцоо багасах жишээтэй. Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйтэй холбоотой ангилал, тодорхойлолт болон тэднийг төр болон хувийн хэвшлийн зүгээс дэмжих чиглэлийг тодорхойлсон, бодлогын түвшинд шийдвэр гаргахад оролцоог хангах талаарх нарийвчилсан эрх зүйн зохицуулалт батлагдаагүй өдий хүрсэн. Бизнес эмэгтэйчүүд дээрх хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласнаар төр-хувийн хэвшлийн түншлэл жинхэнэ утгаараа хэрэгжсэн. Бизнес эрхлэгч эмэгтэй гэсэн тодорхойлолтыг бий болгосноор наанадаж гаднаас хэрэгжих төсөл хөтөлбөрүүд нэмэгдэнэ. ЖДҮ-ийг дэмжих үндсэн суурийг бий болгоход дээрх хууль тусална. Гэртээ олон жил бизнес эрхлээд томролгүй нэг тойрогтоо яваа эмэгтэйчүүд олон бий. Тэгэхээр тэднийг  нэгдэж томрох, нөхөрлөлөөс аж ахуйн нэгж болгох хөшүүргийг  бүрдүүлнэ. Тусдаа сан болон тусгайлсан төсөвт дарамт үзүүлэх зүйл заалт эл хуулийн төсөлд  ороогүй.


Түүнчлэн бид аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн талаарх гадны 46 актыг судалхад тэд үндсэн гурван шалгуурыг чухалчилдаг юм билээ. Нэгдүгээрт өмчийн эзэмшигч, хоёрдугаарт шийдвэр гаргах нөхцөлд эмэгтэйчүүдийн оролцоог хангах, гуравт ажиллагсдын дийлэнх нь эмэгтэй байхыг тусгасан байсан. Гурав дахь нөхцлийг ялгаварлан гадуурхалт бий болно гэж үзсэн. Тиймээс манай эмэгтэйчүүд дэмжээгүй. Улмаар бид бизнес эмэгтэйчүүдээс судалгаа авахад хөрөнгийн асуудал, мөнгө санхүү дээр бэрхшээл үүсдэг гэдгийг дийлэнх нь хэлж байсан. Бичил бизнес эрхлэгч эмэгтэйд барьцаа хөрөнгө байдаггүй. Эдийн засгийн эрх чөлөөгүй, эд хөрөнгө нь нөхрийн болон бусад хүний нэр дээр байдаг учраас зээлд хамрагдаж бизнесээ өргөжүүлэх боломж хомс. Тиймээс  эзэмшлийн 50 хувь нь тухайн эмэгтэйн нэр дээр байвал зээлд хамруулах нөхцлийг бий болгоно гэсэн саналуудыг эмэгтэйчүүд гаргасан. Амьдралаас урган гарсан зүйл заалтуудыг тусгаснаар олон асуудлыг шийдэж чадна. Тиймээс тамхины хууль дээр алга ташсан шиг дээрх хуулийн төсөл дэмжигдвэл олон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нуруу тэнийнэ.



-Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг бодитоор дэмжих хөшүүргийг бий болгоход эмэгтэй бизнес эрхлэгчид саналаа хэлнэ гэсэн. Энэ тухайд?

-Монголчууд дотооддоо хүнсээ бүрэн хангадаг, хувцсаа хийчихдэг л байх хэрэгтэй. Ерөнхийлөгч нэлээн дорвитой шийдлүүдийг тавьж байгаа. Хөнгөн, хүнсний үйлдвэрээ хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих гэсэн Ерөнхийлөгчийн санал, санаачилгууд цагаа олсон зүйл гэж бодож байна. Цар тахлын үед гадны улс орнууд дотоодын аж ахуйн нэгжүүддээ боломж олгон татварын хувь хэмжээг бууруулахад анхаарсан. Ковидын үед Австрали улс ус ундааны үйлдвэрлэл эрхлэгчдийн НӨАТ-ын 20 хувийг 5 хувь болгон хагас жилийн хугацаанд бууруулсан. Англид Унадаг дугуйны үйлдвэрлэгчдэд оноодог НӨАТ-аа 20 хувиас 5 хувь болгосон. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг далд утгаар дэмжих томоохон дэмжлэг болсон. Дэлхийн улс орнууд эрүүл мэндэд чиглэсэн бараа бүтээгдэхүүний НӨАТ-ыг хугацаатайгаар бууруулах арга хэмжээнүүдийг үе шаттай авсаар байна. Тиймээс эмэгтэй бизнес эрхлэгчид НӨАТ бууруулах системийг Монгол Улсад нэвтрүүлэх санал санаачилгыг энэ чуулганд дэвшүүлж байгаа. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл бусад салбарыг бодвол эдийн засгийн эргэлтээрээ жижигт ордог.  Тиймээс НӨАТ бууруулснаар улс орны эдийн засагт том хэмжээний нөлөө үзүүлэхгүй салбар юм. Өнөөдөр хүнсний үйлдвэрийн салбарт 5000 орчим компани бүртгэлтэй байгаагаас 1500 нь үйл ажиллагаа явуулж байна.  Үүнээс 960 компани л НӨАТ төлөгч. Хүнсний салбарын НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах боломж байна гэсэн судалгаа тооцоог бид чуулганд танилцуулна.


-Манай улсын хувьд эдийн засгийн гол хөшүүрэг нь татвар шүү дээ. Улсын төсвийг бүрдүүлдэг татварт хөнгөлөлт үзүүлэхээр төсвийн орлого багасна. Хүнсний салбарт НӨАТ-ыг таван хувь болгосноор эргээд үзүүлэх үр нөлөө нь хэрхэн гарах вэ?

-Хүнсний салбарт 2021 оны байдлаар 140 тэрбум төгрөгийн НӨАТ төлөх тооцоо гарсан байдаг. Тодруулбал, 10 хувийн НӨАТ-ыг 5 хувь болгочихвол төсвөөс 70 тэрбум төгрөг танагдана гэсэн үг. Төсөвт 70 тэрбум буурах ч нөгөө талд гарах ач холбогдол өндөр.  Боловсруулах салбарт нийт дүнгээр өнгөрөгч онд  370 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Хүнсний салбарт 70 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлснээр эргээд энэ нь хөрөнгө оруулалт болж орж ирнэ. Ажлын байр нэмэгдэнэ. Техник, технологи сайжирч, үйлдвэрлэл өргөжинө. НӨАТ-ыг бууруулахаар эдийн засаг хүнд, инфляци өндөр байгаа энэ үед хүнсний үнийг өсгөхгүй байхад тоомоохон хөшүүрэг болно.


-Хөдөлмөрийн зах зээлд нэг талд эзэнгүй ажлын байр, нөгөө талд ажил хайж байгаа иргэд бий. Энэхүү эрэлт, нийлүүлэлтэд үүссэн зөрүүг яаж уулзуулах вэ гэдэгт бодлого хэрэгтэй байгааг та дээр хэлсэн. Эрэлт, нийлүүлэлтийг хангах ямар боломж байна вэ?

-Манай улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөр хэрэгждэг. Энэ оноос Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Мэдээж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлууд өрнөх байх.


Манайд хөдөлмөр эрхлэлтийн бодлого ажилгүй иргэн рүү нэлээн чиглэдэг. Тэднийг сургалтад хамруулах, буцалтгүй дэмжлэг үзүүлэх, зээл олгох гээд маш олон талаас нь дэмждэг. Ажилгүй байгаа хүнд дэмжлэг үзүүлснээр үр дүн гарсан уу гэдэгт дүгнэлт хийх цаг болсон. Үнэндээ ажилгүй хүмүүсийг олон жил дэмжсэн ч бодит үр дүн гараагүй. Ажлын байрыг ажил олгогч бий болгодог. Төрөөс ажлын байр нэмэгдүүлснийг нь  бодлогоор дэмжих,  тогтвортой сайн ажиллаж байгаа хүндээ төр дэмжлэгээ үзүүлэх хэрэгтэй. Тодорхой хугацаанд тогтвортой ажиллаж буй хүмүүсийн даатгалыг нь хөнгөлдөг ч юм уу. Маш олон хувилбараар дэмжих боломж байна.Ингэснээр ажил хийдэг дундаж давхрагатаа итгэл өгч тэднийг хөгжүүлснээр эргээд гарах өгөөж нь өндөр болох юм. Тиймээс чуулганд бид ажил олгогч болон ажил хийж байгааг нь дэмждэг тийм хөшүүргийг бий болгох санал дэвшүүлнэ.


-Гэр орон, бизнес, ажил, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гээд эмэгтэйчүүд нуруун дээрээ маш олон ачаа үүрдэг. Энэ бүх зүйлийг амжуулдаг хэрнээ тэд шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоо сул хэвээр байна. Жендерийн тэгш байдлыг ярихаар эмэгтэйчүүд эрх ямба эдлэх нь гэсэн буруу ойлголт нийгэмд яваад байдаг. Жендерийн мэдрэмжтэй бодлогын талаар та юу хэлэх вэ?

-Нийгмийн буюу боловсрол, банк санхүү, худалдаа үйлчилгээний салбарт эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь ажиллаж байна.Жендерийн мэдрэмжтэй бодлого гэдэг бол аль нэгийг нь тэтгэх асуудал биш юм. Энэ нь тэгш байдлыг бий болгож, тэнцвэржүүлэх бодлого болохоос биш эмэгтэйчүүдэд тийм хөнгөлөлт үзүүлье гэсэн ойлголт огт биш ээ. Олон улсын жишгээр бол  тухайн салбарт тэгш оролцоог хангах бодлого хэрэгжүүлдэг. Манай улсад жендерийн мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй, эрэгтэйчүүдийн оролцоо тэнцвэртэй байвал, тэнд хамгийн оновчтой шийдвэр гарна. Тухайлбал, Скандинавын орнуудад эмэгтэйчүүдийн шийдвэр гаргалтад оролцох оролцоо 48 хувьтай байдаг. Тус улсын  Ерөнхий сайд нь эмэгтэй хүн. Энэ утгаараа тухайн оронд жендерийн мэдрэмжтэй бодлого зөв голидролоор явж байна. 

Холбоотой мэдээ