Улаанбаатар хотод Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-24 14:00:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман, “Tiger airways” агаарын тээврийн компанийн Удирдах захирал Хо Юэн Санг хүлээн авч уулзлаа.


Талууд Сингапур Улсын сайн туршлагыг Улаанбаатарт нэвтрүүлэх талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Хотын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн сард Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлал Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байсныг онцоллоо. Тэрбээр айлчлалын үеэр “Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ, Бүгд Найрамдах Сингапур Улсын “Си Пи Жи Интернэшнл” ХХК хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг дурдаад, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой хэмээв. Мөн нийслэлийг ногоон хөгжлийг эрхэмлэсэн хүртээмжтэй, тогтвортой хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа дурдав.


Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман Улаанбаатар хотын хувьд орлогод нийцсэн орон сууц, нийтийн тээвэр, дахин төлөвлөлт, хүн амын төвлөрөлд анхаарах шаардлагатай тул Сингапурын жишгийг нутагшуулах нь зөв шийдвэр гэдгийг хэлж байв. Түүнчлэн Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихсэж байгаа тал дээр Сингапурын сайн туршлагыг хуваалцан, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.


Нийслэлийн тухайд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулж, 27 жилийн дараа нийслэл хотдоо эрх зүйн шинэчлэл хийсэн. Нийгэм, эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдэх суурь боломж бий болсон. Иймд Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтойг Хотын дарга хэлж байв.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирлоо.

Холбоотой мэдээ