Месси шигшээ багтаа эргэн очно

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2016-08-15 09:38:00

БУЭНОС-АЙРЕС. /Xinhua/. Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси улсынхаа шигшээ багт эргэн очихоо мэдэгдлээ.

“Copa America” буюу Америк тивийн хөлбөмбөгийн АШТ-ий шувтаргын тоглолтод Аргентины шигшээ баг Чилид хожигдсоны дараа буюу өнгөрсөн зургадугаар сард “би шигшээ багаасаа гарахаар шийдсэн” гэж “Барселона” клубын довтлогч, 29 настай Месси мэдэгдэж байсан юм.

Харин тэрбээр өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийхдээ “хөгжөөн дэмжигчид, намайг гэсэн хүмүүсийн төлөө би улсынхаа шигшээ багт үргэлжлүүлэн тоглох болно” гэжээ.

Түүнийг шигшээ багаасаа гарна гэж мэдэгсэний дараа олон мянган хөгжөөн дэмжигчид нь шийдвэрээ өөрчлөхийг уриалж байсан билээ.

Месси 18 настайдаа 2005 онд Аргентины шигшээ багт орж байжээ. Тэрбээр 2006 оноос хойш гурван ДАШТ-д дараалан оролцсон бөгөөд 2014 онд “хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорч байсан юм.

Мөн дэлхийн оны шилдэг тоглогчид өгдөг “Ballon d'Or” буюу “Алтан бөмбөг” шагналыг Месси таван удаа хүртээд байгаа билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ