Эмэгтэй шатарчид Кубын багийг 3,5:0,5-аар хожиж VIII байрт бичигдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-06 15:29:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Шатрын 44 дүгээр олимпиадын 7 дахь өрөгт Монголын эмэгтэй баг Кубын шигшээ багийг 3,5:0,5-аар хожиж, ээлжит ялалтаа авлаа.


Энэ удаагийн тавилд ОУЭИМ А.Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожил авч, Б.Баярмаа хайнцсан байна. Харин эрэгтэй баг Хорватын шигшээд 1:3-аар хожигдлоо. Б.Гүндаваа хожил авч, Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Билгүүн нар хожигдол хүлээжээ.


Монгол Улсын эмэгтэй баг шигшээ "А" категорид 8 дугаар байрт бичигдэж, ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул дөрөвт, 3 дугаар ширээнд эмэгтэй ОУМ Т.Мөнхзул 10 дугаар байрт, 4 дүгээр ширээнд ОУШХДМ Б.Мөнгөнзул 8 дугаарт тус тус бичигдэж байна.










Өнөөдөр манай Монголын эмэгтэй баг алдарт эгч дүү гурван Полгарыг шатрын ертөнцөд төрүүлсэн Унгарын хүчирхэг багтай "оюун ухааны дайн" хийнэ.


Монголын эрэгтэй баг долоон тавилын дараа 55 дугаар байрт бичигдэж байна. Ширээний дүнгээр манайхаас эхний 20-д Их мастер Б.Гүндаваа багтаж буй бөгөөд тэрбээр 3 дугаар ширээнд 18-д бичигдлээ. Өнөөдөр манай эрэгтэй баг Японы шигшээ багтай тоглоно.


Ташрамд сонирхуулахад, Унгарын эгч дүү гурвын хамгийн цуутай нь болох, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчны нэг Юдит Полгар энэ удаагийн шатрын олимпод тайлбарлагчаар ажиллаж байгаа билээ.



Холбоотой мэдээ