Эрдэнэ шиш ачсан гурван хөлөг онгоц Украины боомтуудаас хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-08-05 15:39:41

АНКАРА. /Anadolu/. Украины эрдэнэ шиш ачсан гурван хөлөг онгоц болох “Navistar”, “Rojen”, “Polarnet” баасан гаргийн өглөө Одесса, Черноморск хотын боомтуудаас хөдөлсөн тухай Туркийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.  


Хөлөг онгоцууд Истанбул руу далайн хүмүүнлэгийн коридороор явах бөгөөд бүх хөлөг онгоцыг эхлээд Истанбул дахь Хамтарсан зохицуулалтын төвийн шалгалтын баг шалгах юм. 


Туркийн ачааны хөлөг онгоц "Polarnet" 12 мянган тонн эрдэнэ шиш ачсан бол "Rojen" хөлөг онгоц Мальта улсын далбаан дор 13 мянган тонн эрдэнэ шиш тээвэрлэж яваа ажээ. Панамын далбаан дор хөдөлсөн "Navistar" хөлөг онгоцонд 33 мянган тонн эрдэнэ шиш ачжээ. Зохицуулалтын төвөөс мэдээлснээр, "Polarnet" ачаагаа Туркийн Карасу боомт, "Navistar" Ирландын Рингаскидди, "Rojen"  Их Британийн Тиспорт боомт руу хүргэнэ.


Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан эхний хөлөг онгоц Сьерра-Леон улсын далбаан дор өнгөрсөн даваа гарагт тус улсын боомтоос хөдөлсөн билээ. Уг хөлөг онгоц пүрэв гарагт Дарданеллийн хоолойгоор өнгөрч, Туркийн усан хилээс гарч Ливаныг зорьжээ. Хөлөг онгоц 27 мянга орчим тонн орчим эрдэнэ шиш тээвэрлэж яваа юм.

Холбоотой мэдээ