ХОВД: Зэрэг сумынхан “унага тамгалах” зан үйл хийв

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-26 11:54:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байгаагийн нэг бол Захчин.

Захчин угсаатан нь Ховд аймгийн Алтай, Манхан, Зэрэг, Үенч, Мөст суманд зонхилон амьдардаг. 2010 оны хүн амын тооллогоор 32845 хүн бүртгэгджээ. 

 

                                                  Угсаатны ёс заншлаа сурталчилж байна   


Энэ өдрүүдэд болж буй Захчин түмний өв соёлын "Тонжоо" их наадам өргөн дэлгэр үргэлжилж байна.

Цаст хайрхан уулын өвөрт Алтай хан овооны тахилгаар “Тонжоо” наадам эхэлсэн. Улмаар наадмын нээлтийн үеэр 100 хуурч икэл хуур эгшиглүүлэн алтайгаа магтаж, 100 биелээч биелэв.

Мөн Захчин угсаатны биет, биет бус соёлын хүрээнд уламжлалт найрын зан үйлийг хийж, мартагдсан зан үйл, ёс заншлыг үйлдэл бүрт тодотгон харуулж, түгээн дэлгэрүүллээ. Өөрөөр хэлбэл, Тонжоо наадмын хүрээнд өчигдөр сумууд хүүхдийн сэвлэг үргээх ёсыг үзүүлсэн бол өнөөдөр гэр бүрэх, бэр гуйх, унага тамгалах ёс болон найр хуримын ёсыг үйлдэж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүүхдийн сэвлэг үргээх ёслол, харин Улсын заан Б.Бат-Өлзий Зэрэг сумын унага тамгалах ёслолд оролцлоо.   


                                                        Унага тамгалах зан үйлийн тухайд…

Унаганы хаа, гуя, хондлой зэрэгт халаасан тамгаар хайрч тэмдэг тавихыг унага тамгалах гэнэ. Унага тамгалахтай зэрэгцэн гүүгээ саахаа больж, унагыг эхийнх нь хамт бэлчээрт гаргахыг гүү тавих гэнэ.

Манай орны аль ч нутагт адуу ногоонд цадаж, унага махлах үе буюу зуны дунд сард гүүг барьж, унагаа уядаг. Гүүг намар орой болтол саахад адуунд сойлго орж, унаганы бие чийрэгжин, туурай нь бэхэждэг гэж үздэг аж. Иймээс говь нутагт өвс ургамлын сөл орой тасардаг тул гүүг аажуу бариад өвлийн эхэн сар хүртэл саана.

Харин хангай, хээр талын бүсэд эрт намаршиж өвсний сөл түргэн тасардаг тул намрын адаг сараас хэтрүүлэлгүй гүүгээ тавих нь зүйтэй. Хэрэв гүү тавих хугацааг оройтуулбал унаганы тарга тэвээрэгт муугаар нөлөөлдөг аж.

Унага тамгалахдаа зэлний хажууд гал түлж тамгаа улайсгаад барьсан унагануудаа тамгална.

Унагыг хөдөлгөөнгүй болгон барьсны дараа тамгалах ёстой. Тамгыг унаганы гуя ба хааны өргөн булчинд дарна. Тамга нь 8смх8см, 8смх6см, 8смх4см хэмжээтэй, зузаан нь 1 см орчим, дардасны өргөн 0.5 см, иш нь 40 см орчим урт байна. Тамга нь ихэнхдээ удам дамжиж ирсэн байдаг тул айл бүрт өөр өөр байдаг.

Унага тамгалахдаа арьс, махыг их хэмжээгээр түлж шархлуулах, том хэмжээтэй эсвэл олон жижиг хэсгээс бүрдсэн тамгыг хэрэглэдэггүй. Мөн хэт гүн тамгалж болохгүй.

Унагаа тамгалж дуусаад гүүгээ тавихдаа тусгай зан үйл хийдэг заншилтай. Тухайлбал, гүү тавих өдрөө сонгож, энэ өдөр бүх адуугаа хурааж гүүн зэлний гадсан дээр сан тавьдаг. Гүүгээ сааж дуусаад унагануудынхаа ногтыг мултлан тавиад зэлээ эвхэн, гадсаа сугалан авч нүхэнд нь сүү дусаан, арвай будаа хийнэ. Ингээд гүүгээ тавьж буй айл, ирсэн зочдыг гэртээ урьж айраг уулган, хоол ундаар дайлж найрлана. Энэ үед ерөөл магтаал, дуу хуур, тоглоом наадам үүсгэн нэгэн жилийн дэлгэр цагийн төгсгөлийн баярыг тэмдэглэдэг заншилтай аж.

Унага тамгалж, гүү тавих үед зэл, гадас, аргамж, аргал, түлш, тариа будаа, айраг, тамга, сүү, арц хүж зэрэг зүйлсийг хэрэглэнэ. Тамгыг хэрэглэж дуусаад сүүнд дүрээд хадганд боож хадгалдаг.

 

                          Захчингууд онцгой содон гэхийг “тонжоо” гэж хэлдэг


Түүхийн эх сурвалжид тэмдэглэснээр:  Захчингууд нь XYII зууны эхний хагаст Зүүнгарын хаант улсын хил дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг хамгаалж байжээ.

Ойрадыг манжаас хамгаалахын тулд Торгууд, Дөрвөд, Өөлдөөс сайн эрсийг шилж гэр бүлээр нь зах нутагт шилжүүлэн суулгаснаас үүдэн Захчин угсаатан бий болсон бөгөөд 30 гаруй яс овгоос бүрэлдсэн байна.


Ойрадууд манжид эзлэгдсэний дараа Халхын Засагт хан аймгийн гүн Цэдэнжавын харьяад хэсэг захирагдаж байсныг 1756 онд нэгэн хошуу, 4 сум болгон зохион байгуулж зайсан язгууртай Мамудыг хошуу захирагч болгожээ.

Дараа нь манж нар зайсан Мамудыг барьж, 2000 орчим хүн ардын нэлээдийг устгаж, үлдсэнийг нь тараагаад Улиастайн манж амбаны мэдэлд захируулан Ховдын баруун урдуур суулгажээ.

1778 онд Мамуд зайсангийн албат 30 гаруй өрхийг таслан сум байгуулан Жамцангийн хүү Мэндэшид захируулан эцгийнх нь гүнгийн зэргийг залгамжлуулжээ.

Тэр үеэс Захчин гүнгийн хошуу гэж нэрлэгдэх болсон байна. Богд хаант Монгол Улсын үед Захчин хошууд нь дөрвөдийн Үнэн зоригт хан аймагт харъяалагдаж, умард хэсгийг нь шилийнхэн, өмнөд хэсгийг нь говийнхон гэлцэх болжээ.

Захчингууд онцгой содон гэхийг “тонжоо” гэж ярьдаг бөгөөд нэлээд наргианч, шооч ард түмэн аж.


Эр, эм ялгалгүй “халбан” хэмээх малгай өмсөх ба баруун аймгийн эмэгтэйчүүдийн нэгэн адил дээлийн гадуур цагаан зах зүүдэг. Ардаа оноотой, дэргэр мөр бүхий ууж өмсөнө.

Бий биелгээг захчингуудын хурууны бүжгийн хөдөлгөөнөөс үүсэлтэй гэх бөгөөд улмаар арван хурууны хөдөлгөөн, бугуй, тохой, мөр, нурууны биелгээ болж өргөжин монголчуудын амьдрал ахуй, ёс заншлын илэрхийлэл болж хөгжсөөр үндэсний уламжлалт бүжгийн төрөл болжээ.

Ташрамд,  “Тонжоо” наадмын үеэр зарим иргэд мод болон эсгий урлалын үзэсгэлэн гаргажээ.

Эрт үеэс малчид малынхаа ашиг шим, түүхий эдээр өөрсдийн ахуй амьдралд хэрэглэж болох сав суулга, аяганы уут, дээл хувцас, гутал зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал өнөөг хүртэл тасраагүй, үргэлжилж буй.  

Холбоотой мэдээ