Хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх асуудлыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
bolor@montsame.mn
2022-07-06 20:34:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзаж, хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ. 


Уулзалтаар Шадар сайд Замын-Үүд-Эрээн боомтын “0” цэг дээрх Монголын талын талбайн өргөтгөлийн ажил эхлэхэд бэлэн болсныг цохон тэмдэглэлээ. 

Элчин сайд Цай Вэньруй хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүсэл эрмэлзэл хоёр талд байгааг дурдаад, тээврийн үйл ажиллагаанд автомат удирдлагатай чингэлэг тээвэр зэрэг шинэ техник технологийн хэлбэрийг нэвтрүүлэхээс гадна уламжлалт аргаа  шат дараатай сэргээх нь зүйтэйг онцолсон юм.


Мөн Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон зарим боомтын үйл ажиллагааг сэргээх зэрэг боломжтой бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх чиглэлийг Хятадын тал баримталж буйг Элчин сайд дурдаад хоёр улсын хооронд иргэний нислэгийг сэргээсэн нь чухал алхам болж буйг энэ үеэр хэллээ.


Холбоотой мэдээ