“Хоромхон” клуб Моби дээд лигт дэвшлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-06 11:08:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны томоохон тэмцээнүүдийн нэг болох 2022 оны “Үндэсний нэгдүгээр Лиг” нийт 90 тоглолтын дараагаар хөшгөө хааж байна.


Тус тэмцээний хаалтын ёслолд МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, Б.Гансүх болон Техникийн захирал Б.Буман-Учрал нар оролцлоо.


Нийт 18 тойргийн турш хүчтэй өрсөлдөөний эцэст Монголын хөлбөмбөгийн 23 жилийн түүхт "Хоромхон" клуб аваргын цомыг өргөж, аваргуудтай сүүлчийн тойрог хүртэл сонирхолтой өрсөлдөөн үзүүлсэн “Хөх Чононууд” клуб мөнгөн медаль хүртэв. Тэд дээд лигт оролцох эрхийн төлөө "Моби дээд Лиг"-ийн 9 дүгээр байрт орсон “Ховд” клубтэй энэ сарын 8 болон 10-ны өдрүүдэд 19.00 цагуудаас тоглоно. Харин хүрэл медалийг “Ховд Вестерн” клуб 2 жил дараалан хүртэж өрсөлдөөнтэй улирлыг медаль хүртсэн амжилтаар өндөрлүүллээ.


Эхний гурван баг медалиа энгэртээ гялалзуулахын зэрэгцээ шилдэг шүүгч болон тоглогчид мөн "Үндэсний нэгдүгээр Лиг"-ийн 4-10 дугаар байрт шалгарсан клубүүд шагналаа гардан авав.


МХБХ-ны Үндэсний нэгдүгээр Лигийн шилдгүүдээр туслах шүүгчээр Б.Энхболд, талбайн шүүгчээр Г.Сүх-Эрдэнэ, хаалгачаар Э.Пүрэврагч /Хөх Чононууд/, хамгаалагчаар Г.Амарсанаа /Хоромхон/, хагас хамгаалагчаар А.Содмөнх /Хөх Чононууд/, довтлогчоор Т.Мөнхбаатар /Хоромхон/ тус тус тодорлоо.


Мөн Монголын хөлбөмбөгийн 23 жилийн түүхт Хоромхон клубийн дуусашгүй авьяас, ур чадвартай МХБХ-ны Үндэсний дээд Лигийн 2 удаагийн аварга багийн ахлагч А.Батболд өнөөдөр Хоромхон клубийн төлөө сүүлчийн тоглолтдоо тоглож нэг гоолыг оруулж хүндэтгэлтэйгээр хөлбөмбөгийн спортоос зодог тайлж байгаад Хоромхон клубийн төлөөлөл хүндэтгэл үзүүлсэн юм.





Холбоотой мэдээ