Цар тахлын хөл хорионы үеэр CO2-ын ялгарал буурсан нь Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэх боломжтойг харуулжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-07-05 16:39:32

ВАШИНГТОН. /Phys.org/. Дэлхийн улс орнуудад “COVID-19” цар тахал дэгдэж эхлэх үеэр нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ ялгарал огцом буурсан нь дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэхийн тулд хорт хийн ялгарлыг хангалттай хэмжээгээр бууруулах боломжтойг харуулсныг олон улсын судлаачдын баг тогтоожээ. 


Nature Geoscience” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн судалгаагаар 2020 оны эхэн үеэр CO2-ын ялгарал огцом буурсан шалтгаануудыг судалж, улмаар ийм байдлаар хорт хийн ялгарлыг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Мөн тус сэтгүүлийн эрхлэгч нар энэ талаар товч дүгнэлт хийжээ.


Цар тахал дэгдэж эхлэх үеэр коронавирус хэр аминд халтайг, хэр хурдан тархдаг болохыг хэн ч хэлж мэдэхгүй байсан тул дэлхийн улс орнуудын Засгийн газрууд нэн даруй хөл хорио тогтоож, хүмүүс ажилдаа явахгүйгээр гэртээ байх болсон. Үүний дүнд дэлхийн эдийн засаг бараг бүхэлдээ зогссон гэж хэлж болно.


Тухайн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс буурч, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосноор агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багассан юм. Тийнхүү судлаачид цар тахлын эхний жилд CO2-ын ялгарал хэрхэн буурсныг нарийвчлан судалжээ.


2015 онд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар Францын нийслэл Парис хотноо чуулж, дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг амлалт өгсөн билээ. Түүнээс хойш энэ чиглэлд гаргаж буй хүчин чармайлтад үндэслэн хийсэн олон тооны судалгаагаар уг зорилтод хүрэх боломжгүй байж болзошгүй хэмээн тооцоолоод байгаа юм.


Харин судлаачдын багийн тогтоосноор, 2020 онд CO2-ын ялгарал өмнөх оныхоос 6.3 хувиар буурсан бөгөөд энэ нь орчин цагт бүртгэгдсэн хамгийн их бууралт болоод зогсохгүй цаашид үргэлжлүүлж чадвал дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэхэд хангалттай үзүүлэлт болжээ. Гэхдээ ийм байдал үргэлжлэхгүй нь ойлгомжтой. Учир нь хөл хорионы хязгаарлалтууд суларсан даруйд хүмүүс эрхэлдэг ажлаа үргэлжлүүлэн хийж, CO2-ын ялгарал цар тахал дэгдэхээс өмнөх түвшинд эргэн очсон байна.


Судлаачид эдгээр үзүүлэлтэд үндэслэн дэлхийн эдийн засагт томоохон саатал тасалдал учруулахгүйгээр хорт хийн ялгарлыг дээр дурдсантай ижил түвшинд бууруулж чадвал Парисын хэлэлцээрээр дэвшүүлсэн зорилтод хүрэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тухайлбал, 2020 онд ажиглагдсан бууралтын дийлэнх буюу гуравны нэг нь автомашин, ачааны тэрэгний хөдөлгөөн багассантай холбоотой байжээ. Иймд улс орнууд автомашин үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд илүү шахалт үзүүлж, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэлгэрүүлж чадвал дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих тэргүүтэй зорилтдоо хүрэх боломжтой гэж үзсэн байна. 

Холбоотой мэдээ