Б.Жавхлан: Засгийн газрын зээлжих эрхийн зэрэглэл нэг шатаар ахисан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-05 14:58:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын Засгийн газар газар нутгаа барьцаалан БНХАУ-аас их хэмжээний зээл авах гэж байна, ирээдүйгээ өрөнд оруулах гэж байна" гэсэн мэдээлэлд өнөөдөр албан ёсоор тайлбар өглөө.


Уг мэдээлэл ташаа гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлоод, улстөрийн зорилго агуулсан мэдээг олон нийтийн сүлжээ, нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж буй хариуцлагагүй үйлдэл хэмээсэн юм. Уг мэдээллийн талаар албан ёсны тайлбарыг УИХ болон Засгийн газрын хурлын үеэр танилцуулж Сангийн яамнаас нээлттэй хариу өгч байсан ч ташаа мэдээлэл үргэлжилсээр буйг хэллээ.


Засгийн газрын өрийн менежмент өнгөрсөн 3 жилд стратегийн хүрээнд маш сайн үр дүнд хүрснийг тодотголоо. 2016-2017 оны үед Засгийн газрын гадаад өр хямралын хэмжээнд хүрч байсан бөгөөд гадаад өрийн стратегийг сайжруулж, төсвийн сахилга батыг хангаснаар өрийн эрсдэл харьцангуй тогтворжсон байна. Мөн Монгол Улсын зээлжих эрхийн зэрэглэл нэг шатаар ахисан гэв. Өнгөрсөн онд “Сентури” бондыг гаргаснаар энэ онд учирч болох байсан нэг тэрбум ам.долларын гадагшлах урсгалын эрдслийг жилийн өмнө хааж ирснийг тодотголоо.

 

Ингэснээр 2022 онд Монголбанкны гадаад валютын нөөц харьцангуй тогтвортой байгаа бөгөөд энэ оны тавдугаар сард зээлжих зэрэглэлийн олон улсын агентлаг, байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээснийг дурдлаа. Энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Хөгжлийн банкны баланс сайжирч, 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлж чадсан гэдгийг тодотгов.

Ингэснээр ирэх оны есдүгээр сард төлөх Евро бонд болон энэ оны эцэст төлөх Самурай бондыг Хөгжлийн банк өөрсдийнхөө чадамжаар төлөх боломж бүрдэж байна.


Засгийн газар зээл авах асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэдэг бөгөөд одоогоор гадаад өрийг нэмэх талаар хууль тогтоох дээд байгууллагад танилцуулаагүй гэдгийг тэрбээр мэдэгдэв.

Холбоотой мэдээ