Хаврын тариалалтын 85.7 хувийн соёололт онц, сайн үнэлгээтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-05 14:51:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас энэ оны хаврын тариалалтын явцын талаар Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд мэдээлэл хийсэн байна. 


Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан хаврын тариалалт энэ оны тавдугаар сарын 3-наас орон даяар эхэлсэн. Урьдчилсан байдлаар 368 мянга га талбайд үр тариа тариалснаас 343.8 га талбайд улаанбуудай, 19.7 га талбайд төмс тариалжээ. Мөн 10.9 га талбайд хүнсний ногоо, 51.2 га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал, 4.6 мянган га талбайд жимс жимгэнэ тариалсан байна. Ингээд нийт 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгжийн 338.8 мянган га талбайг хамруулан соёололтын чанарыг шалгахад 85.7 хувь онц, сайн үнэлгээтэй гарсан байгааг ХХААХҮЯ-наас мэдээлжээ.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмыг баталлаа.

· Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· Монгол Улсын Ерөнхий сайд 2022 оны зургадугаар сарын 30-нд Улаанбаатар дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өгсний дагуу зам барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.

· Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц болон газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний талаар танилцууллаа. Газрын тос дамжуулах хоолойн тос дамжуулах трассын дагуу инженер геологийн судалгаа хийх, дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулахыг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдыг сургаж бэлтгэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Холбоотой мэдээ