Зүрхний хэм алдагдах өвчнийг Монголдоо эмчилдэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-08-10 12:52:28

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтний баг зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг эх орондоо амжилттай хийжээ.

Манай улсад титэм судасны эмгэгтэй холбоотой өвчнөөр жилд 1300 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг байна. Зүрхний хэм алдагдах өвчний зардлын 17 сая төгрөгийг даатгалаас гаргаж байгаа юм.

“Зүрх дотроосоо цахилгаан хэм үүсгэх бүтэц бүхий хөндийтэй эрхтэн. Тэр хөндий дотор цус орж, үүнийг шахаж гаргах ёстой булчин нь зүрх. Нэг хэм гаргахад зүрх агшдаг байх нь. Тэгэхээр зүрхнээс гарах хэвийн хэмнэл ямар нэг байдлаар алдагдах, жигд бус болохыг хэм алдагдах өвчин гэж хэлээд байгаа юм. Өнгөрсөн жилээс бид зүрхний цохилт цөөрдөг асуудлыг шийдэж чадсан. Энэ нь зүрхний хэмнэл алдагдаад байгаа газарт зүрхний байнгын болон түр зуурын аппарат суулгадаг болсон. Харин энэ жилээс зүрхний хэм алдагдах өвчнийг эмчилдэг болсноор Монголд эмчлүүлэх боломжгүй 39 өвчний нэг болох уг өвчнийг эх орондоо эмчлэх боломж бүрдлээ. Засгийн газрын санхүүжилтээр ЭМЯ-наас 1.2 тэрбум төгрөгийн зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг өнгөрсөн II сард суурилуулсан. Ингэснээр электрофизиологийн оношилгоо, шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийх боломжтой болсон” хэмээн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн эмч Д.Батнаран онцолж байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ