ДУНДГОВЬ: "ЖДҮ-2022" экспод 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг танилцуулж байна

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-28 16:27:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Малын шимт тэжээл, хөрсний бордоо бүхий 100 хувийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Дундговь аймгийн "Хан дээж" компани энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “ЖДҮ-2022” бүтээгдэхүүний экспо үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Тус үйлдвэр малын тэжээл, хөрсний бордоо, хурдан морины тэжээл үйлдвэрлэн зах зээлд гаргаж байгаа ба бүтээгдэхүүний голлох түүхий эд нь Цагаан-Овоогийн хүрэн нүүрс юм.

Энэхүү түүхий эд нь Монгол Улсын стандартад нийцсэн, 70 сая жилийн турш гуминжих процессын үр дүнд үүссэн, 85 хувийн агуулгатай леонардит аж. Өөрөөр хэлбэл, хүрэн нүүрсний тунамал давхарга нь гумины хүчлээр хамгийн баялаг түүхий эд болох леонардитыг агуулдаг байна. Леонардитын өндөр агууламж бүхий энэ нүүрсний уурхай Дундговь аймгийн төвөөс баруун тийш 90 км-т оршдог.  

Леонардит нь байгаль дээр ховор түүхий эдэд тооцогддог ба олон оронд хийсэн шинжилгээний дүнгээс 100 хувь байгалийн бүтээгдэхүүн болох нь тогтоогджээ.

“Хан дээж” компани нь бүтээгдэхүүнээ гарган авахын тулд найман жил гаруй хугацаанд судалгаа хийжээ. 

Компанийн захирал Ж.Баярхүү хэлэхдээ “олон орны гумины томоохон үйлдвэрүүдээр явж, технологийг нь судалж, зарим технологийг нь худалдаж авсан. БНХАУ, ОХУ, Унгар, Болгарын эрдэмтэд ирж, үйлдвэрийн түүхий эдийн агуулга өндөр (85 хувь) хэмээн дүгнээд хамтарч ажиллахыг хүссэн. Манай түүхий эд бол гайхамшигтай. Үйлдвэрээ Дундговь аймагт байгуулсан нь их учиртай. Нэгдүгээрт түүхий эдээ түшиглэсэн, хоёрдугаарт энэ баялгийнхаа үр шимийг Дундговийнхон хүртэх ёстой гэж боддог. Дундговийн хүн нь эрүүл, мал нь эрүүл, хөрс нь эрүүл байх учиртай. Дараа нь үйлдвэрээ томруулж, Монгол Улсынхаа малыг, хүнийг эрүүлжүүлж болно” гэсэн юм.

Бүх л амьд организм өдөрт авах ёстой эрдэс тэжээлийнхээ 80-90 хувийг авч байхад эрүүл саруул байдаг аж. Харин хүн ч тэр, амьтан ч тэр, ургамал ч тэр энэ эрдэс тэжээлээ авч чадахгүй байгаа учраас л өвчлөлд өртөж байгааг дэлхийн олон эрдэмтэд тодорхойлсон байна.

1980-1990 онд Европ болон дэлхийн олон оронд гумины бэлдмэлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж өргөнөөр хэрэглэж байгаа бол энэ үйлдвэрлэл Монгол Улсын хувьд эхлэл төдий хөгжиж байгааг Ж.Баярхүү онцолсон.

Гумины хүчил хоргүй концроген, мутаген үйлчилгээгүй тул экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргаж авах нөхцөл бүрдүүлдэг байна. Мөн ийм төрлийн бүтээгдэхүүнийг орчин үед эрүүл мэндийн болон гоо сайханд ашиглаж, бүх төрлийн таримал ургамалд байгалийн бордоо, таван хошуу мал, буга, гахай, тахиа, загас гэх мэт бүх амьтанд тэжээлийн нэмэгдлээр өгөх ба өөр олон салбарт түүнийг ашиглаж байгаа аж. 

Тус компанийн үйлдвэрлэж буй “Тэжээлт бор” малын тэжээлд амьд организмд хэрэгтэй нүүрстөрөгч, устөрөгч, хүчил төрөгчөөс гадна кали, натри, фосфор, кальци, төмөр, манган, зэс гэх мэтийн биоэлементүүд малын бие махбодид нөлөөлөх хэмжээгээр агуулагддаг ба шар ба хар гумин нь 74 төрлийн эрдэс бодис, 10 төрлийн витамин, 18 хүчлээс бүрддэг байна. 

Шар болон хар гумины бэлдмэл бол хордлогыг маш хурдан тайлж, хурдан морийг эрүүлжүүлж, хурд хүчийг нэмэгдүүлдэг ба 15-20 хоног хэрэглэхэд эхний үр дүн гардаг.

“Тэжээлт бор” бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр малын махан тарга нэмэгдэх ба одоогийн татаж байгаа жингээс 10 гаруй кг-аар илүү болох боломжтой аж.

Гумины MNS-44562014 стандартаар үйлдвэрлэсэн дээрх бүтээгдэхүүн нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн лаборатори, аналатик лаборатори, Хими, хими технологийн хүрээлэнгийн аналатик лаборатори зэрэг холбогдох бүх лабораториор орж баталгаажжээ.

Тус байгууллагын үйлдвэрлэж буй гурав дахь бүтээгдэхүүн нь “Шимт бор” хөрсний бордоо юм. Энэ бүтээгдэхүүн нь хүчилтөрөгч, нүүрстөрөгч, устөрөгч, азот, фосфор, кали, кальци, хүхэр, зэс, цайр, төмөр, манган болон бусад эрдэс бодисыг агуулдаг.

Түүнийг хэрэглэснээр ургамлыг ган, хэт их чийг, өвчлөл, хүйтрэлт гэх мэт гадаад сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох ба түүнийг тогтмол хэрэглэснээр бүх төрлийн ургамлын ургацыг 70 хувь хүртэл өсгөх боломжтой аж. Ургацын чанарыг сайжруулж, уураг, сахар, витамин, амин хүчил, ургамлын амьсгалд эерэгээр үйлчилдэг байна. Ургацын боловсрох хугацааг наашлуулах ч давуу талтай байна. 

Тиймээс гумины хүчлийг ашигласнаар эдийн засгийн үр өгөөж их. Дээд зэрэглэлийн чанартай гумин хүчлийг тогтмол хэрэглэснээр ургамлын гарцыг далан хувь хүртэл өсгөх, бордооны хэрэглээг гучин хувь хүртэл бууруулах боломжтой ажээ.

“Шимт бор” нь нитратын бордоо, органик бохирдуулагч болон пестицидыг тогтоон шингээж авдаг тул гүний усанд түүгээр дамжин хүний биед нэвтрэх эрсдэлээс сэргийлдэг. Мөн хөрсөнд агуулагдах давсны хэмжээг бууруулж, хөрсний өгөршлийг багасгах зэргээр экологийг сэргээх, тэнцвэржүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар гуминыг элсэрхэг, атаржсан хөрсөнд болон дулаан хуурай уур амьсгалтай бүс нутагт хэрэглэвэл ихээхэн үр дүнтэй болох нь батлагджээ.

Холбоотой мэдээ