ХОВД: Бичил уурхайг албажуулах нь хамгийн чухал

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-28 15:42:06

Ховд /МОНЦАМЭ/. Мал аж ахуйгаас гадна уул уурхайн үйл ажиллагаа нь хөдөө орон нутгийн иргэдийн хувьд амьжиргааны чухал эх үүсвэр болдог. Монгол Улсын хэмжээнд 40-60 мянга орчим хүн бичил уурхайгаар ажил, хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр иргэний гуравны нэг нь эмэгтэйчүүд бөгөөд алтны бичил уурхай нь шууд бусаар 120-180 мянган хүний амьжиргааг дэмждэг аж.

Үүнээс онцлоход, Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх алтны бичил уурхай бүхий сумдад 2017 оны байдлаар 566 бичил уурхайчин байгаа гэж судалгаагаар тогтоожээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Орон нутгийн ажилллах хүчний 12-20 хувь нь алтны бичил уурхайд ажиллаж байна.

14 аймагт алтны бичил уурхай үйл ажиллагаа явуулж байна. Бичил уурхайн албажуулалтын түвшин 16 хувьтай байна.

Сүүлийн жилүүдэд хариуцлагатай бичил уурхайн үйл ажиллагаа өргөжиж байгаа. Гэвч зарим иргэд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлохтой холбоотой зөрчил мөн гарч байна. Энэхүү хууль бус алт олборлолтыг дагалдаад мөнгөн усны хэрэглээ өндөр байх магадлалтай. Иймээс бичил уурхайг албажуулах нь хамгийн чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Учир нь хууль тогтоомжийн дагуу бичил уурхайн эрх зүйн орчин, зохицуулалт бий болж, мөнгөн усны хэрэглээг хориглосон хэдий ч мөнгөн усны хэрэглээ далд хэлбэрээр оршсоор байгаа юм.

НҮБ 2013 онд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцыг боловсруулан баталсан. Уг конвенц нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн ус болон түүний нэгдлийн ялгарал, хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад чиглэдэг. Монгол Улс 2015 онд тус конвенцод нэгдэн орсон. Даян дэлхийн байгаль орчны сангаас дээрх конвенцод нэгдэн орсон улс орнуудад алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Даян дэлхийн урт хугацааны хөгжлийн боломжууд” буюу planetGOLD хөтөлбөрийг таван жилийн хугацаатайгаар найман улсад хэрэгжүүлж байна.

Монгол Улс дахь planetGOLD төслийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл хамтран хэрэгжүүлж байна.

PlanetGOLD Монгол төслийн үйл ажиллагааг тодорхой төлөвлөлтийн дагуу Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд бичил уурхайчдад зориулсан багц сургалтуудыг явуулж, үе шаттайгаар чадавхжуулж ирсэн туршлагатай.

Энэ удаа (2022.06.28) planetGOLD төслийн хүрээнд аймаг сумын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан холбогдох зөвлөлийн гишүүн, төрийн байгууллагын төлөөллүүдийг чадавхжуулах зорилгоор “Бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа.

Сургалтын чиглүүлэгчээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүн, зөвлөх, сургагч багш Т.Эрдэнэ, planetGOLD Монгол төслийн орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээ нар ажиллаж байна. Тэд оролцогчдод алтны бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, эрсдэл, түүнийг үнэлэх, химийн хорт бодисын нөлөө, төрийн болон бичил уурхайн байгууллагуудын хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагын талаар нэгдсэн ойлголт мэдээлэл өгөв.

Үүнээс гадна бичил уурхай дахь аливаа осол гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх боломж, бичил уурхайчдыг чадавхжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, цаашид ямар арга хэмжээ авч болох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.


PlanetGOLD төсөл нь алтны бичил уурхайг албажуулахад хувь нэмэр оруулах, бичил уурхайчдыг мэргэшүүлэн тэдэнд санхүүгийн боломж бий болгох замаар хариуцлагатай алтны зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, алтны бичил уурхай дахь мөнгөн усны ялгарлыг бууруулах, бичил уурхайн сайн туршлага, мэдлэг мэдээллийг түгээхэд чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаагаараа онцлогтой.     

Ингэснээр хүний эрүүл мэнд, байгаль орчны сөрөг нөлөөг бууруулах, Бичил уурхайн үйл ажиллагааг төлөвшүүлэх, мөнгөн усны хэрэглээг зогсоох боломж бүрдэнэ гэж үзэж байна.   

Холбоотой мэдээ