С.Одонтуяа: Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар иргэд мэдээлэл хомс байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-27 15:00:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийсэн байна.


УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд танилцуулж, саналыг нь сонссон байна. Иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах талаар иргэд мэдээлэл хомс байгаа нь уулзалтын үеэр харагдсан тул энэ талын мэдээллээр бүрэн хангах шаардлагатай гэдгийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцоллоо. 


Үндсэн хуульд 

1. Хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах, 

2. Парламентын чадавх, засаглалыг сайжруулах, 

3. Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, 

4. Төрийн сүлд өөрчлөх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар гишүүд ярьж, иргэдийн саналыг сонсох удирдамжтай явжээ. С.Одонтуяа гишүүний хувьд, иргэдтэй хийсэн уулзалт дээр цаазын ялыг халах асуудал ихээхэн маргаантай байсан гэв. Нэг хэсэг нь Үндсэн хуульд цаазын ялыг халах тухай хатуу заалт оруулах шаардлагагүй,одоогийн жишгээрээ явах ёстой гэж үзсэн бол нөгөө хэсэг нь цаазын ял байх ёстой гэжээ. Түүнчлэн төрийн сүлд өөрчлөх чухал бус, төрийн бодлогоо зөв болгож улс орны хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь хамгийн чухал байгааг онцлон дайжээ. 

Сонгуулийн тогтолцооны хувьд мажоритар тогтолцоог халахад санал нэгдэж, гол нь парламентын чадавхи хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Төрийн эрхийг нам барьж байгаа учраас намууд хариуцлагатай институт болж төлөвших нь чухал байгааг уулзалтанд оролцсон иргэд хэлжээ. Харин  хүн амын дунд хэт төвлөрөл явагдсан энэ үед хил орчмын сумдыг нэгтгэж болохгүй, газар нутаг эзгүйднэ, харин төв сууринтай ойрхон жижиг сумдыг нэгтгэж болох юм гэсэн байр суурийг иргэд илэрхийлсэн байна. 


Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, "Үндсэн хуулийн үзэл санаагаар бол хүн амьд явах эрхтэй. Ямар ч шалтгаантай байсан төр иргэнийхээ амийг бусниулж болохгүй. Дэлхийн 193 улсын 55-д нь цаазын ял үйлчилж, бусад улс энэ ялыг аль хэдийн халсан" хэмээв.


Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл албан ёсоор гараагүй байгаа учир урьдчилж байр суурь илэрхийлэх боломжгүй юм. Иймд өнөөдөр зөвхөн мэдээлэл сонсож, санал солилцож байгаа гэдгийг онцоллоо.  

Холбоотой мэдээ