“LG” цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгчийн бизнесээ хөгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-06-27 12:08:26

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “LG Electronics” компани цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх бизнесээ хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд ийм цэнэглэгч үйлдвэрлэгч дотоодын компанийг худалдан авсан талаараа ням гарагт мэдэгджээ.


Тодруулбал, “LG” бизнесээ өргөжүүлэхийн тулд “AppleMango” компанийн хувьцааны 60 хувийг худалдан авчээ. Харин гэрээний үнийн талаар тодорхой мэдээлээгүй байна. Тус компанийн үлдсэн хувийг “GS Energy/34 хувь/, “GS Neotek/6 хувь/ компани эзэмшдэг байна.


LG” Сөүл хотоос өмнө зүгт 60 км зайд оршдог Пёнтэк хот дахь дижитал парктаа энэ ондоо багтаан цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгчийн үйлдвэрлэлийн шугам байгуулахаар төлөвлөж байна. Тус компани цаашид цахилгаан тээврийн хэрэгслийн эрин үед энэ бизнесийн үйл ажиллагаагаа улам бэхжүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ.


2019 онд байгуулагдсан “AppleMango” компани нь удаан болон хурдан цэнэглэгч үйлдвэрлэх дэвшилтэт технологиор өрхийн хийгээд арилжааны хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Дэлхий даяарх хорт хийн ялгарлыг бууруулах зорилгын хүрээнд автомашин үйлдвэрлэгчид цэнэг хураагууртай тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгчийн зах зээл 2030 он гэхэд 410 их наяд вонд /316 тэрбум ам.доллар/ хүрч тэлэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ