Үерт автсан 22 өрхийг нүүлгэн шилжүүлж, хохирол тогтоох комисс байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭХүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас үерийн гамшигт өртөөд байгаа Увс аймгийн Улаангом сумын зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлж, үерийн усыг соруулан, далан шуудууг сэргээн завсарлах ажлыг эхлүүлсэн талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээлж байна.
Энэ сарын 7-ны өдөр буюу өнгөрөгч ням гарагийн 18.00-18.19 минутын хооронд Увс аймгийн Улаангом суманд үер бууж, 8 багийн 500 гаруй айл усанд автаж, 10 айл усанд урсаж байгалийн гамшигт өртөөд байгаа. Мөн үерийн улмаас 20 орчим албан газар, ихэнх орон сууцнуудын зоорийн давхар, граж, Гашууны гол болон ойр орчмын ногоо, жимсний талбайнууд болон ус зайлуулах хоолой, шугам нь тавигдаагүй, эсвэл буруу газраа тавигдсан шинэ замуудын дагуу айл өрх, барилга байгууламжууд усанд автсан юм.
Нөхцөл байдал хүндэрсэн, иргэд аж ахуйн нэгжүүдэд хохирол учирсан, цаашид энэ байдал үргэлжилж болзошгүй байгаагаас үүдэн Увс аймгийн онцгой комиссийн дарга, Аймгийн Засаг дарга Д.Батсайханаар удирдуулсан Онцгой комисс хэд хэдэн удаа хуралдаад байна.
Хурлаар хүндрээд байгаа газруудад анхаарал хандуулж, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, үер усны урсацыг сааруулж боох, урсгалыг өөрчлөх, хэрэгцээ шаардлага тулгарсан үед эмнэлгийн тусламж үзүүлэх, гэрэл цахилгаанаар хангах, усанд ихээр автсан газруудын усыг соруулж түвшинг багасгах зэрэг яаралтай авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн юм. Онцгой комиссын гишүүдээр болон зарим байгууллагуудын даргаар ахлуулсан баг, бүлгүүдийг томилж нөхцөл байдал хүндрээд байгаа газруудад очиж ажиллах үүрэг даалгавар мөн өгсөн.
Үер болсон 7-ны шөнийн байдлаар Улаангом сумын Галданбошготын 7 давхарын гражаас 620 тн, “Мөнгөн хээ” ХХК-ний 24 айлын орон сууцны гражаас 600 тн, "Элбэг плаза" төвөөс 80 тн, “Хос өргөө” орон сууцнаас 400 тн, гэх мэт нийт 5091 тн ус соруулж, зайлуулсан байна. Мөн Улаангом сумын 3, 4, 5, 7, 10 дугаар багийн нийт 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 5-р багийн нутаг наадмын талбай орчмын 1 км газрын далан шуудууг сэргээн засварлах, усны гольдролыг өөрчлөх ажлыг зохион байгуулжээ.
Дээрх гамшгийн голомтонд Аймгийн ЗДТГ, ОБГ, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0245-р анги, Цэргийн штаб, Тагнуулын газар, ЦТС ХХК, ХХААГ, "АЗЗА" ХХК, “Тоосгон уул” ХХК гэх мэт байгууллагаас нийт 114 албан хаагч, 18 автомашин, 2 ковш трактор ажилласан байна. Үерийн гамшгийн хор хохиролыг арилгах, сэргээн босгох, засварлах ажилд 1735 литр буюу 3.3 сая төгрөгийн шатах тослох материалыг зарцуулжээ.
Аймгийн Онцгой комиссоос хохирол тогтоох ажлын хэсгийг байгуулж газар тариалан, МАА, гэр хорооллол, зам, Барилга байгууламж, Эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт гэсэн ангиллаар ажиллуулахаар болжээ Хохирол тогтоох комиссыг Аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал ахлан ажиллаж байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Увс аймгийн ЗДТГ
"Увс-Миний Нутаг Увс-Миний Нутаг" фейсбүүк хаягнаас