Хөдөө аж ахуйн салбарт бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем хөгжөөгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бичил биетний тэсвэржилтийг бууруулж, тархалтыг багасгахгүй бол 2050 он гэхэд дэлхийд жил бүр 10 сая хүний амь эрсдээд зогсохгүй эдийн засгийн томоохон хямрал бий болох аюул нүүрлээд байгааг ДЭМБ мэдээлжээ.
Бактери, мөөгөнцөр,
вирус, паразит зэрэг нь бичил биетний эсрэг эм/бодист тэсвэртэйг "бичил биетний тэсвэржилт"
гэдэг. Зарим улс оронд хүн эмнэлгийн салбарт бичил биетний тэсвэржилтийн
тандалтын систем хэрэгжиж байгаа ч хүнс, хөдөө аж ахуйн салбарт энэ систем
хөгжөөгүйг ХХААХҮЯ-Хүнсний
үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Д.Тунгалаг ХХАА-н салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын
өнөөгийн байдал, бичил
биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний систем болон лабораторийн үнэлгээний тоймыг
танилцуулах хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Тиймээс НҮБ-ын
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) нь 2015 онд улс орнуудын хүнс, хөдөө аж
ахуйн салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний системийг үнэлэх,
сайжруулахаар
“FAO-ATLASS-Бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем, лабораторийн үнэлгээний аргачлалыг” боловсруулжээ. Энэ аргачлалыг үнэлгээ, хяналтын
стандарт болгон ашиглаж байгаа нь бүс нутаг, дэлхийн түвшинд тандалтын системийг уялдуулах, зохицуулах,
хамтран ажиллахад хувь нэмрээ оруулж байна.
Тус үнэлгээ нь хөдөө аж ахуйн салбарын лабораторийн үндэсний сүлжээ зураглал гаргах, бичил биетний тэсвэржилтийг илрүүлэх шинжилгээний чадавхыг үнэлэх, тандалтын мэдээлэл цуглуулах, шинжлэх, засаглал, харилцаа холбоо, тогтвортой байдал зэрэг үндэсний хэмжээний бичил биетний тэсвэржилтийн эсрэг үйл ажиллагааг зураглах, үнэлэх, лабораторийг сайжруулах арга замаар хөгжилд хөтлөх алхмыг тодорхойлох мэдээллээр хангах зорилготой аж.
Үнэлгээг манай улсын Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, Төв аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори хийнэ. Үндэсний хэмжээний мэргэжилтнүүдийг сургаж байгаа бөгөөд олон улсын үнэлгээний 2 мэргэжилтэн цахимаар дэмжиж ажиллах юм. Сургалтад Ховд, Хэнтий, Архангай аймгийн мал эмнэлгийн газрын лабораторийн ажилтнууд хамрагдаж байгаа. Ингэснээр лабораторийн үнэлгээг хариуцах ажилтнуудыг сургаж, хяналт үнэлгээ, тандалтын тухай мэдлэг олгожээ. Үнэлгээнд хамрагдсан лаборатори тус бүрийн бичил биетний тэсвэржилтийг шинжлэх чадавх, үнэлгээний үр дүн, зөвлөмжийг тоймлон гарсан байна.
Хэлэлцүүлэгт НҮБ-ын ХХААБ, холбогдох яамд, улсын лабораториуд, МХЕГ-ын төлөөлөгч оролцов.