28 жил ашиглаагүй өрөө, танхимын их засварын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-15 21:54:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний Орхон сумынхан Соёлын төвийнхөө хоёр давхрын 14 өрөөг 28 жил ашиглаагүй ажээ. 1994 оноос хойш огт засвар хийгээгүй, ашиглахгүй байсан уг талбайг энэ жил сумын удирдлагууд, соёлын төвийн хамт олон болон иргэдийн санал, санаачилгын үндсэн дээр ОНХС-гийн 285 сая төгрөгөөр завсарлахаар ажлыг эхлүүлжээ. Энэ сарын 10-ны өдөр эхэлсэн уг ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “БДЗ” ХХК ажиллаж байна. Гэрээнд заасан хугацааны тухайд наймдугаар сарын 10-ны өдөр буюу хоёр сарын хугацаанд хийж дуусгах аж. Өнөөдрийн байдлаар олон жилийн тоос, шороог цэвэрлэх, хуучин цонхнуудыг авах, заслын өмнө нөхөөс, замаск татах ажлуудыг 12 хүний бүрэлдэхүүнтэй хийж байна. Одоогоор ажил гүйцэтгэхэд тулгамдсан асуудал үгүй аж. Цаашид байгалийн давагдашгүй хүчин зүйл, барилгын материалын олдоц, үнэ ханш, урд хөршөөс татан авалт хийхэд хугацаа алдахгүй бол гэрээнд заасан хугацаанаас өмнө их засварын ажлыг дуусгах боломжтой ажээ. Энэ долоо хоногт багтаан шинэ цонхнуудыг суулгаж дуусгах бол сантехник, цахилгааны монтажны ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Заасан хугацаанд төлөвлөгөөний дагуу их засварын ажлыг дуусгаж чадвал ирэх хичээлийн жилээс эхлэн Орхон сумын соёлын төв 1991 онд анх байгуулагдаж байсан шигээ бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Ингэснээр 14 өрөөнд хурлын танхим, бүжгийн заал, шатар, даам, зэрэг бусад дугуйлан хичээллүүлнэ. Ажиллах боловсон хүчний тухайд хоёр хүний орон тоо нэмэгдэх шаардлагатай бол дээрх талбайг дулаанаар хангахад одоо төлж буй мөнгөн дүн нэмэгдэнэ гэдгийг соёлын төвийн эрхлэгч Ж.Энхболд хэлж байлаа. Учир нь сумдын соёлын төв нь таван хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулдаг, нэг ажилтан 2-3 ажил давхар хийдэг ажээ. Тиймээс соёлыг түгээх, дэлгэрүүлэхэд хөдөө орон нутагт боловсон хүчин дутмаг байдаг нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй аж.

Ямартай ч Орхон сумынхан чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжоо өөрсдийн санал, санаачилгын үндсэн дээр нэгээр нэмэгдүүлж засварын ажлыг эхлүүлж байна. Ташрамд соёлын төвийн ашигтай талбайн нийт хэмжээ 1672 мкв аж. Үүнээс өнөөдрийн байдлаар 1072 мкв талбайг урлагийн болон спорт заал, орон нутаг судлах танхим зэрэгт ашиглаж байна. Хоёр давхар дахь 14 өрөө бүхий 600 мкв талбайг засварлаж байна.

Холбоотой мэдээ