Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-06-15 08:35:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын 2022 оны өргөмжлөл гардуулах ёслол Элчин сайдын өргөөнд энэ сарын 10-нд болов.


Монгол Улс, Япон Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог уг өргөмжлөлийг энэ удаа 6 хүнд гардууллаа.



Энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, “Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ой энэ онд тохиож байна. Энэ оны дөрөвдүгээр сард Гадаад хэргийн сайд Хаяши 50 жилийн ойн хүрээнд хоёр орны өндөр дээд түвшний айлчлалын салхийг хагалан Монгол Улсад айлчилсан. Япон Улсын Гадаад хэргийн сайд 2019 оноос хойш 4 жилийн хугацаанд нийт 3 удаа айлчилж байгаа нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл юм. Япон, Монголын харилцааны хөгжил ийнхүү улс төрийн салбар дахь нягт, итгэлцсэн харилцаа төдийгүй бүхий л салбар дахь иргэд хоорондын харилцаа, түүний хөгжил дээр тогтдог билээ. Эдгээр 6 эрхэм соёлын болоод бусад олон салбар дахь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, Япон, Монголын нягт найрамдалт, итгэлцсэн харилцааны суурийг тавилцахад мартахын аргагүй хувь нэмрээ оруулсан билээ” хэмээв.


Элчин сайдын өргөмжлөл хүртсэн эрхмүүдийг танилцуулж байна.


-“Oйска Монгол” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нинжин

Тэрбээр аялал жуулчлалын компани эрхлэхийн зэрэгцээ 2007 онд байгуулсан “Oйска Монгол” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөг хүртэл ажиллан, Монголд мод тарих, газар тариалан хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг үйл ажиллагааг санаачлах мөн Японоос түргэн тусламжийн болон гал унтраах машин хандивлах зэрэг үйлсэд идэвхийлэн оролцож хоёр орныг холбох гүүр болон амжилттай ажиллаж байна.

-Орчуулагч, өмгөөлөгч, Монголын аутизмын холбооны зөвлөх Л.Алтангэрэл

Тэрбээр хоёр орны Засгийн газрын байгууллага, их сургууль, судалгааны байгууллага зэрэгт япон, монгол хэлний орчуулагчаар ажиллаж байна. Мөн өмгөөлөгчийн эрх авч, япон хэлтэй өмгөөлөгчийн хувиар Монголд оршин сууж буй япон иргэдийн итгэлийг хүлээсэн нэгэн юм. Түүнчлэн аутизмтай хүүхэдтэй эхчүүдийн төлөөлөл болон Монголын аутизмын холбооны ажилд байгуулагдсан цагаас хойш гар бие оролцсон бөгөөд аутизмтай холбоотой япон ном орчуулах, хэвлэх зэргээр олон нийтэд таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж ирсэн.


-Кино найруулагч, киноны дуу оруулагч А.Миеэгомбо,  дуу оруулагч Б.Уламбаяр нар

А.Миеэгомбо болон Уламбаяр нар 15 жилийн турш тус ЭСЯ-наас зохион байгуулсан “Японы кино өдрүүд”, “Япон киноны долоо хоног”-ийн үеэр кинонд шууд дуу оруулж байсан мэргэжлийн дуу оруулагч нар юм. Эдгээр орчуулагч олон сэдвийг хамарсан япон киног Монгол түмэнд хүргэхэд үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Эдүгээ интернэтээр тэдний олон уран бүтээлийг үзэх боломжтой боловч гэр интернэт төдийлөн дэлгэрээгүй байсан тухайн үед япон киног монгол хэлээр үзэх үйл ажиллагаагаар дамжуулан монголчуудад япон соёлыг танилцуулж чадсан нь ихээхэн ач холбогдолтой байв.

Дуу оруулагч А.Миеэгомбо эдүгээ кино найруулагч, кино зохиолч, хөтлөгч зэрэг өргөн хүрээнд амжилттай ажиллаж буй нэгэн. Дуу оруулагч Б.Уламбаяр хүүхдээс хөгшин настан хүртэл бүхий л насныхны дүрд хувирч дэлхийн олон орны цуврал кино болон уран сайхны кинонд дуу оруулдаг авьяаслаг нэгэн билээ.


-“Михачи” компанийн захирал Ибүкүро Томоко

Тэрбээр их сургуульд сурч байхдаа Монголын түүхийг сонгон суралцаж, Монголд оюутан болсон цагаас хойш эрдэм шинжилгээ, соёл урлаг, бизнес зэрэг салбарт ажиллаж байна. 2014 оноос хойш зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд “Михачи” хэмээх зөгийн балыг Монголын брэнд болгон хөгжүүлсэн. Япончууд монгол бэлгэнд “Михачи” зөгийн балыг түлхүү сонгодог болсон.


-Дуурийн сопрано хоолойт дуучин, Сити их сургуулийн багш Окүяма Юми

Тэрбээр 1990 оны сүүлийн хагасаас Монголд сопрано хоолойт дуучны хувиар ажиллаж эхэлсэн бөгөөд Монголын “Чингис хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг дуурьд амжилттай тоглосон. Эдүгээ Монгол Улсын Консерватори болон  “Сити” их сургуульд монгол оюутнуудад дуулах ур зүйг хоёргүй сэтгэлээр заахын зэрэгцээ төгөлдөр хуурын сурах бичиг хэвлүүлэхэд гар бие оролцож байна.

Холбоотой мэдээ