Манай улс цөмийн зэвсэггүй статусаа зарлаад 30 жил болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд ГХЯ-нд өнөөдөр “Цөмийн зэвсэггүй бүсүүд: Ач холбогдол, сорилтууд, хэтийн төлөв” олон улсын хурал боллоо. Хурлын үеэр манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1992 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлын индэр дээрээс Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс орон болсноо зарлаж байсныг сөхөн тэмдэглэлээ. Энэ нь тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн орны хувьд гадаад бодлогы хувьд бие даан гаргасан чухал шийдвэр байв. Ингэснээр манай улс Цөмийн зэвсгээс ангид статустай орон болжээ.
Улмаар Монгол Улс нь
НҮБ-ын гишүүн, цөмийн зэвсэггүй гэгдэх статустай, дэлхийн 180 орны нэгд ордог. Эдгээр
улс орон цөмийн зэвсэгээс ангид байж, сэргийлэх бодлого барин, үйл
ажиллагаа явуулж байна.
Манай улсын хувьд цөмийн зэвсэгээс ангид байх статусын гол онцлог нь цөмийн зэвсгийг өөрийн газар нутаг дээрээ байрлуулахгүй байх үүрэг амлалтыг цөмийн зэвсэгтэй улс орнуудаас авахуулах бодлого баримталж буй талаар ахмад дипломатч, “Цэнхэр сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Энхсайхан тодотгож байлаа.
Мөн манай улс цөмийн зэвсэггүй
байх, цөмийн зэвсгийг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулахгүй байх талаар эрх
зүйгээ баталгаажуулах хэрэгтэй байгааг онцолж байлаа. Дэлхийд цөмийн зэвсэгтэй
5 орон, мөн цөмийн зэвсэггүй 5 бүс нутаг байдаг. Цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгийг 2
болон түүнээс дээш тооны улс орон нэгдэж байж бий болгон зарладаг аж.
Үүнийг олон улсын эрх зүйгээр гэрээ байгуулан баталгаажуулдаг байна. Гэрээ нь дагалдах протоколтой, түүнд цөмийн зэвсэгтэй улс орнууд цөмийн зэвсэггүй бүс нутгийн аюулгүй байдлын хангах тухай буюу цөмийн зэвсэг байршуулах, хэрэглэхгүй байх баталгааг гаргаж өгдөг олон улсын ёсзүй үйлчилдэг талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын их сургуулийн багш, доктор С.Баясгалан тодотголоо.