Төв аймгийн 9 гайхамшгийн нэг болох Зоргол хайрхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-06-09 15:29:39

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн 9 гайхамшгийн нэг, Баян-Өнжүүл сумын нутагт орших Зоргол хайрхан уулын тухай хүргэж байна. Зоргол хайрхан уул нь цул боржин хайрхан бөгөөд 1668 метр өндөр, том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ.

Зоргол хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. 
Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс 138 км, Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой, онгон дагшин догшин уул билээ.

Энд Рашаантын ам гэж уул, ус мод, ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Мөн тус хайрхны нэгэн хэсэг болох Тоонотын агуй бий бөгөөд 82 метрийн өндөр уулнаас олсоор уг агуй руу бууж, агуйн таазнаас бэхэлсэн дүүжин савлуур дээр бэхэлгээтэй савлаж, улмаар олсоороо дамжин газарддаг аж. Үүгээрээ тус агуй нь гадаад, дотоодын жуулчдыг ихээр татдаг бөгөөд мэргэжлийн түвшний хүмүүсийн тусламжийг авалгүйгээр аялал хийж болохгүйг албаныхан сануулдаг.

Зүүн талаас нь харахад дээрээ угалзтай  юм шиг, урд талаас нь харахад суварга юм шиг, харагддаг бол нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг.

Энэхүү гайхамшгийн тухай олон домог байдаг бөгөөд эхний түүхийг сонордуулбал, Эрт үед илээ дагуулсан нэг согоо тэр нутагт амьдардаг байжээ. Гэтэл чоно илийг нь хоол унданд явсан хойгуур нь хулгайлж барьчих гээд байв. Иймд эх согоо нь арга хайж, илээ чулуу болгон үлдээгээд, явж хоол унд олчихоод ирэхдээ дээрээс нь сүүгээ дусаан хуучин хэвд нь оруулж авдаг байжээ. Ингээд айх зүйлгүй амар тайван явах болов. Гэтэл нэг удаа хон хэрээ дээгүүр нь нисэхдээ илийнх нь дээр сүүдрээ тусгачихжээ. Эх согоо нь ирээд сүүгээ дусаан илээ босгох гэтэл хэрээний сүүдэрт бузартсан тул боссонгүй чулуу хэвээр үлдэв. Энэ нь одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан уул юмсанжээ.
Удаах домог нь эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан урууджээ. Хамгийн эхэнд явсан бугын сүрэг нэгэн тал дээр зогссон нь Их газрын чулуу болж гэнэ. Дараагийн хэсэг буга зогссон нь Бага газрын чулуу болж гэнэ.
Ижил сүргээсээ улдаж хоцорсон ганц зоргол их ууртай байснаас Зоргол хайрхныг догшин хэмээн нэрийдсэн гэдэг. Хайрхны баруун суган доор рашаан булаг урсдаг. Хайрхны урд талд яг ширээ шиг хэлбэртэй хад байгаа. Хажууд нь нэг ургаа мод байдаг бөгөөд сүүдрэвчийн үүрэг гүйцэтгэж өгдөг байна.


Тус газарт очихоор зэхэж буй хүмүүс дараах зүйлсийг хайрхны хажууд хийж, гүйцэлдүүлэхээс цээрлэдэг ажээ. Хайрхны бараа харагдах газраас нэрийг нь бүтэн хэлдэггүй хайрхан хэмээн нэрийддэг, Мөн эмэгтэй хүн оройд нь гардаггүй, рашаан усанд бохир зүйлсийг хүргэдэггүй, өөрийн овог, нэрийг шившиж сүүгээ өргөж очиж буй газартаа өөрийгөө танилцуулдаг, хог хаягдал хаяхгүй байх, уулын энгэр тэр дундаа рашаан булгийн ойролцоо бие засахыг хатуу цээрлэдэг ажээ.

 


 

Холбоотой мэдээ