Д.Лхагвасүрэн: Хүүхэд нэг бүрийн оролцоог чухалчилж, оролцоонд тулгуурлан хөгжүүлэхийг эрхэмлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-06 14:41:51

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвасүрэнгээс "Архангайн хүүхдүүд" хөтөлбөрийн талаар тодрууллаа.


-Саяхан танай байгууллагаас санаачилсан "Архангайн хүүхдүүд" хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн танилцуулгыг хийлээ. Хэрэгцээгээ яаж харсан бэ?

-Манай байгууллагаас “Охидоо сонсъё”, “Хөвгүүдээ сонсъё” үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Энд ирсэн оролцогч 180, цахимаар 300 гаруй хүүхдээс судалгаа авсан. Судалгааны үр дүнд "Ковид-19" цар тахал болон бусад шалтгааны улмаас хүүхдүүдийн дунд хөгжлийн үйлчилгээний хоцрогдол ихээхэн байгаа нь харагдсан. Судалгааны сонирхолтой хэсгээс дурдвал хүүхдүүд манай аймагт төдийлэн хөгжиж амжаагүй балет, усанд сэлэлт, уран гулгалт зэрэг хөгжлийн олон төрлийн дугуйлан секцэд хамрагдахыг хүсдэг юм байна. Мөн түүнчлэн одоо хичээллэж байгаа бүхий л дугуйлан секц нь хүүхдүүдээ шигшиж, шигшээ баг бүрдүүлэн хичээллэдэг учраас сонирхдог ч дугуйланд нь хамрагдаж чаддаггүй хүүхдүүд олон байдаг. Тийм учраас бодлого барьдаг байгууллагын хувьд хүүхэд хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдэд зориулсан хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа юм.


-Ямар зорилгыг агуулж, хэр хугацаанд хэрэгжүүлэх вэ?

-Хүүхдийн сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн бодлогоор хангах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, хүүхдийг амьдрах чадварт сургах, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор 2022-2024 онд хэрэгжих төлөвлөгөөтэй.


-Хөтөлбөрийн хүрээнд яг ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ? Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо гээд чиглэл бүрд л ажил хийх болов уу?

-Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн оролцоонд тулгуурлан хөгжлийн үйлчилгээнд хамруулах юм. Энэ удаагийн хөгжлийн хөтөлбөр хүүхэд хөгжлийн үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус олон байгууллага, хувь хүмүүсийг бодлогоор нэгтгэн дэмжиж байгаагаараа онцлог. Хамтран ажиллах байгууллагууд нь ХДТ, БШУГ, Музей, Нийтийн номын сан, Соёл урлагийн газар болон сургалтын төвүүд, хувиараа хөгжлийн дугуйлан хичээллүүлдэг багш нар зэрэг олон талт хамтын ажиллагаан дээр тулгуурлаж байгаа. Байгууллага бүр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хүүхэд нэг бүрийн оролцоог чухалчлан, оролцоонд тулгуурлан хөгжүүлэхийг эрхэмлэж байгаа. Оролцсон хүүхэд хөгжиж, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг.


-Хүүхдүүд энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд өөрсдөө ямар байдлаар оролцох уу? Тэдний оролцоог яаж хангах вэ?

-Манай байгууллага дээр хэлсэнчлэн хүүхэд хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хүмүүсийг нэгтгэн бодлогоор дэмжин ажиллана. Мөн хөтөлбөрийг байгууллага дээрээ хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Төлөвлөгөөндөө эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг хөгжлийн үйлчилгээнд хамруулах, оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж байна. Байгууллагуудад боломжит дугуйлан секцийг хичээллүүлнэ. Түүнд шаардлагатай засварын ажлууд эхэлсэн байгаа. Хөтөлбөрөөс хэрэгжиж эхэлсэн нэг ажил нь аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийг шинэчлэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн редакцийг "АВ" телевизтэй хамтран байгуулсан. Өсвөрийн сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг подкастууд төлөвлөгөөний дагуу бэлтгэгдэн олон нийтэд хүрч байгаа.


-Манай аймаг 16 хүртэлх насны хэдэн хүүхэдтэй вэ? Хөтөлбөрт бүгд хамрагдах уу? Тэгш хамрагдалтыг чухалчлах байх?

-Хөтөлбөрт 3-18 насны бүх хүүхдийг хамруулахыг зорьж байна. 18 хүртэлх насны 35572 хүүхэд байгаагаас ерөнхий боловсролын сургуульд 18731, сургуулийн өмнөх боловсролд 5744 хүүхэд тус тус хамрагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон сургууль завсардсан хүүхдүүдийг ч хамруулахаар төлөвлөгөөнд тусгасан.


-Сүүлийн үед яагаад ч юм нийгмийн сүлжээнд хүүхдийн хөгжил, оролцоотой мэдээ ховор. Харин ямар нэг байдлаар хамгаалал хэрэгтэй хүүхдийн мэдээлэл давамгайлах болж. Энэ чиглэлээр ямар нэг ажил хийх болов уу?

-Энэ хүүхэд хамгааллын ажил бол манай байгууллагын үндсэн чиг үүрэг. Тийм ч учраас бид ямар ч үйл ажиллагаанд хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулдаггүй. Гэхдээ яг энэ хөтөлбөр нь өөрөө хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг юм. Хөгжил хамгаалал хоёр бол салгаж болохгүй ойлголт. Уг хөтөлбөртөө бид хүүхдийн оролцоо, хөгжлийг чухалчилсан ч хамгааллыг орхигдуулаагүй, давхар бүхий л үйл ажиллагаандаа хүүхэд хамгааллын бодлогоо баримтлан ажиллана. Ахиад хэлэхэд оролцсон хүүхэд хөгжиж, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг юм.


-Мэдээж төсөв мөнгөтэй хөтөлбөрийн хэрэгжилт илүү үр дүнтэй харагддаг. Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөнгө зарцуулах уу? Хэдэн төгрөг суулгасан бэ?

-Улсын төсөв, орон нутгийн төсөв, төлбөртэй сургалтын орлого /тусгай журмаар зохицуулна/ зэргээс санхүүжих юм.


-2024 онд ямар үр дүнг хүлээж байна?

-Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэн, хүүхдийн хөгжих, оролцох эрхийн хэрэгжилт сайжирсан, олон нийтийн ойлголт мэдлэг нэмэгдэж, салбар дундын хамтын ажиллагаа сайжирсан байна.


-Хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалал гээд хөтөлбөрийн зорилгод орсон чиглэлүүдээр одоо яг ямар суурьтай байна вэ? 

-Одоо байгаа хөгжлийн үйлчилгээний төрөл нэмэгдэж, чанар хүртээмж сайжирна гэж харж байгаа. Спортын секц дугуйланд л гэхэд шигшээ багаас гадна сонирхож буй хүүхдүүдэд зориулсан секцийг нэмж хичээллүүлэх зэргээр хүүхэд бүрийг сонирхолд нь нийцүүлэн хөгжлийн үйлчилгээнд хамруулах, нөгөө талд мэргэжлийн багш нарыг орон нутагт ажиллах боломж, нөхцөлийг сайжруулах зэрэг үр дүнгүүд хөтөлбөрөөс хүлээгдэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ