Говь-Алтай аймагт 200 гаруй тоо толгой халиун буга нутаглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-06 15:47:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 200 гаруй тоо толгой халиун буга нутаглаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Тус аймагт халиун бугын тоо толгойг нэмэгдүүлэх, цус сэлбэх зорилгоор бугын төл болох илий нутагшуулах ажлыг 2017 оноос "Алтайн халиун буга" ТББ-аас орон нутгийн холбогдох албадуудтай хамтран зохион байгуулж иржээ. Тэд анх 2017 онд Хустайн нуруунаас тус аймгийн Халиун сумын нутагт орших Хантайширын нуруунд найман илий авчирч нутагшуулж байсан бол түүнээс хойш өдгөө нийт 54 халиун бугын илийг  нутагшуулаад байгаа аж.

Бугын илийг хангал сайхан буга, согоо болон өсөн үржихэд Халиун сумын малчин  У.Насанбатхариуцан угжих, услах ажлыг хийдэг тухай тэрээр өгүүлсэн юм. Тэрээр цааш нь хэлэхдээ нутгийн ахан дүүс маань халиун буга өсөн үржих ажилд гар бие оролцон их дэмждэг, нутаг усанд минь буга нутагшиж байгаад их баярлаж явдгаа ч хэлж байлаа. 

Халиун буга нутагших, илий өсөн үржих аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Хантайширын нуруунд “Буга нутагшуулах төв”-ийг байгуулан илий маллагч орон тоог бий болгон нутгийн малчин У.Насанбатад ийнхүү хариуцуулжээ.


Холбоотой мэдээ