Өлгий-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний үнэ 24 мянган төгрөгөөр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-02 08:59:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф энэ сарын 1-ний өдрөөс 24 мянган төгрөгөөр нэмэгдлээ.

Тодруулж хэлбэл, цаашид Өлгий хотоос нийслэл Улаанбаатар хот орох том хүн 128 мянга, хүүхэд 64 мянган төгрөг төлнө.

Өмнө нь тус аймгийн иргэд Улаанбаатар хот руу 104 мянган төгрөгөөр зорчдог байсан юм.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар хот хоорондын нийтийн тээврийн 1 хүн/км-ийн өртгийг 60-75 төгрөг байхаар тогтоосон байдаг. Уг жишиг тарифыг тогтоох үед 1 литр түлшний үнэ 2430 төгрөг байсан аж. Харин одоо шатахууны үнэ нэмэгдсэн тул үйлчилгээний үнийг тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт хүргэж байгаа хэмээн албаны  хүмүүс хэллээ. 

Холбоотой мэдээ