Хүүхдийн баяраар автомашины хөдөлгөөн хязгаарлах замууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-31 16:37:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.


Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж  (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талын зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана. 


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион байгуулалтыг НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран хийж байгаа. Ингэхдээ орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж, монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан, техник, технологийн дэвшлийг шингээж, шинэлэг байдлаар зохион байгуулж байгааг  албаныхан тодотгожээ.


Нэгдсэн үйл ажиллагааны үед хүүхдийн эрхийг хамгаалах, төөрсөн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, холбон зуучлах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгааллын баг” ажиллана. Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тарааж, тусгай автобус бэлтгэн, төөрсөн хүүхдүүдэд туслах аж. Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эцэг эхчүүд утасны угаараа бичиж тэмдэглэн хүүхдийн халаасанд хийж үлдээхийг сануулж байна. 

 

Холбоотой мэдээ