НИТХ-аас нийтийн тээврийн парк шинэчлэлийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-31 09:16:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгаж, тогтоол гаргалаа.


Улаанбаатар хотод одоогоор нийтийн тээврийн 101 чиглэлд 985 тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Үүнийг 124 чиглэл, 1425 тээврийн хэрэгсэлд хүргэж байж нийтийн тээвэр хүртээмжтэй, хүлээлтгүй болно гэж Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн НИТХ-д танилцуулахдаа дурдсан юм.


Зорчигч тээвэрлэж буй автобусны 75 хувь нь 10-аас дээш жил ашигласны дээр 540 автобусыг нийтийн тээврээс хасахаар болсон нь хамгийн тулгамдсан асуудал юм. Тиймээс нийтийн тээврийн салбарыг шинэчлэхээс аргагүйд хүрч, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаад, дотоод зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд паркыг шинэчлэхээр төлөвлөжээ.


Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод нийслэлийн 3 асуудал багтсаны нэг нь нийтийн тээврийн парк шинэчлэл. Олон жилийн турш ярьсан парк шинэчлэлийг хугацаа алдалгүй хийх нь зүйтэй гэдэгт НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдэв. Ингэхдээ ирээдүйд үр ашигтай цахилгаан автобусыг олноор нь оруулж ирэх, алсдаа агаар бохирдуулагч эх үүсвэр болдог дизель хөдөлгүүрт автобуснаас аль болох татгалзах санал гаргасныг нийслэлийн Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ