Сарын тэмдгийн эрүүл ахуйг сахих боломжтой байх нь хүний суурь эрх

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2022-05-29 13:34:15

                                                -28/5:Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдөрт-


Сарын тэмдэгтэй холбоотой нийгмийн нийтлэг хандлага нь эмэгтэйчүүд, охидын хүний эрх, жендэрийн тэгш байдал хэрхэн хэрэгжиж байгаагийн тусгал юм.


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 28-нд Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдрийг тэмдэглэдэг. Энэ жил "2030 он гэхэд сарын тэмдгийг жирийн үзэгдэл гэдгээр нь хүлээж авдаг болцгооё" гэсэн уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийн ач холбогдлын талаар НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа.

  

    -Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдрийг тавдугаар сарын 28-нд тэмдэглэхээр тогтсон нь ямар учиртай байдаг, ер нь энэ өдрийн ач холбогдлыг хэрхэн тодорхойлдог вэ?

    -Юуны өмнө хүний эрх, эрхэм чанар, жэндерийн тэгш байдалтай холбоотой энэ чухал асуудлаар ярилцлага өгөх боломж олгосон танай байгууллагад баярлалаа. Энэ өдрийн тухай иргэдийн мэдлэгийг сайжруулах нь өндөр ач холбогдолтой. Учир нь сарын тэмдэгтэй холбоотой нийгмийн нийтлэг хандлага нь эмэгтэйчүүд, охидын хүний эрх, жендэрийн тэгш байдал хэрхэн хэрэгжиж байгаагийн тусгал байдаг. Жендэрийн тэгш бус байдал, бусдыг шоглох, гадуурхах үзэгдэл нийгэмд байдгаас дэлхий ертөнцөд хэдэн сая охид, эмэгтэйчүүд сарын тэмдгийн асуудлаа эрүүл, аюулгүй байдлаар зохицуулж чадахгүйд хүрдэг. 2030 он гэхэд сарын тэмдгийг жирийн үзэгдэл гэдгээр нь хүлээж авдаг болъё сэдвийн хүрээнд энэ жилийн Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдрийг тэмдэглэж байна.

    Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдөр нь эмэгтэйчүүд, охидын сарын тэмдэг ирэх үеийн эрүүл мэнд, эрүүл ахуйг дэмжих зорилгоор ашгийн бус байгууллагууд, төрийн байгууллагууд, хувь хүмүүс, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дуу хоолой, үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд нэгтгэх, мэдлэг мэдээлэл хүргэх нөлөөллийн платформ  болдгоороо онцлог. Энэ өдөр сарын тэмдгийн эрүүл ахуйн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сарын тэмдэг, сарын тэмдгийн үеийн санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор гутаан доромжлох явдлыг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм.

    Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр нь сарын тэмдгийн дундаж  мөчлөгийг илэрхийлж буй 28 хоног, харин таван сар буюу тав гэсэн тоо нь дунджаар цус үзэгдэх 5 хоногийн хугацааг илэрхийлсэн утга учиртай юм. 2022 оны Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдрийг “We Are Committed” буюу “Бид тууштай байх болно” уриан дор хийж байна.


    -Монгол Улсад, ялангуяа хөдөө орон нутагт, охид, тэр дундаа ЕБС-ийн сурагч охид сарын тэмдгээсээ ичдэг, санаа зовдог хэвээр байгаа. Энэ нь дэлхийн бусад улс оронд хэр их түгээмэл байдаг үзэгдэл вэ?

    -Сарын тэмдэг нь дэлхийн нөхөн үржихүйн насны 1.8 тэрбум хүнд сар болгон тохиодог байгалийн үзэгдэл хэдий ч дэлхий даяар олон сая охид эмэгтэйчүүд сарын тэмдэг нь ирэх үед гадуурхал, доромжлолоос ангид, эрүүл орчинд хувийн ариун цэврийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.

    Сарын тэмдэг нь энгийн л зүйл, үүнээс ичиж зовох хэрэггүй. Сарын тэмдэг нь ирснээс болж охин хүүхэд хэн нэгний доог тохуу болох ёсгүй. Сарын тэмдэгтэй холбоотой нийгмийн нийтлэг хандлага нь охид, хөвгүүдийн биеэ авч явахад ихээхэн нөлөөлдөг. Хөдөө орон нутагт аж төрж буй хөгжлийн бэрхшээлтэй охидод хүртээмжтэй ариун цэврийн өрөө байдаггүй учраас тэд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг.


Монголын хөдөө орон нутагт ч ихэнх ЕБС-ийн сурагчид нэгдсэн шугамд холбогдсон ус, угаалтуургүй, нүхэн жорлон ашигласан хэвээрээ байгаагаас гадна эрүүл ахуйг сахих таатай орчин сургууль, сургуулийн дотуур байранд ч бүрдээгүй байна.


Иймээс шаардлагатай ус, ариун цэврийн байгууламжийг ашиглах боломж муу, мөн сарын тэмдгийн эрүүл ахуйн тухай боловсрол, мэдлэг олж авах охид, эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал байх тохиолдолд сарын тэмдэг ирэх үед тэд ихээхэн хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг.

Ариун цэвэр, эрүүл ахуйгаа сахиж чадахгүйгээс тэдний сурч боловсрох, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах эрх нь ч зөрчигддөг. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сарын тэмдгийн талаар ярилцаж, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал.

Мэдлэг мэдээллийг нэмж байж л сургуулийн орчинд, олон нийтийн дунд, улмаар нийгэмд сарын тэмдэгтэй холбоотойгоор гадуурхах, дээрэлхэх асуудал арилна. Түүнчлэн ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй болгосноор сарын тэмдэг ирсэн үед охид эмэгтэйчүүд ариун цэврээ сахих, эрүүл мэнддээ анхаарах, ичиж зовохгүй байх боломжийг олгох юм. Сарын тэмдэг ирэх үед охид, эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил хамтраад ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр гар нийлэн ажиллах хэрэгтэй. 



    -НҮБ-ын Хүүхдийн сан сарын тэмдэгтэй холбоотой энэ асуудлаар хэрхэн ажиллаж, ямар интервенц, арга хэмжээг дэмждэг вэ?

    -НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг дэлхийн хамгийн том байгууллагын хувьд охин хүүхэд бүр сарын тэмдэг нь ирсэн үед дарамтгүй, ичих зовох зүйлгүй, ямар нэгэн саадгүй мэдээ мэдээлэл авах, сарын тэмдгийн үед хэрэгцээтэй бүхий л хэрэгслээр хангагдсан байх, улмаар сурах, тоглох, эрүүл мэндээ хамгаалах боломж, бололцоотой байдаг орчинг буй болгохыг зорьж ажилладаг юм.

    НҮБ-ын Хүүхдийн Сан охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг дэмжих зорилгоор сургуулиудын ус, ариун цэврийн байгууламжийг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, хүртээмжтэй болгохын тулд Засгийн газар болон түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн сарын тэмдгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сарын тэмдгийн үед охидод шаардлагатай ариун цэврийн хэрэгслийн хангамж, мэдээлэл, мэдлэгийг бий болгох чиглэлээр ажилладаг. Бидний хийсэн нэг шинэлэг интервенц бол охидод сарын тэмдгээ хянах, зохицуулахад нь туслах зорилгоор дэлхийн олон орны охидтой хамтарч Oky аппликейшныг хөгжүүлсэн явдал юм. Уг аппликейшн ямар дүр төрхтэй байх, түүнийг хэрхэн ажиллуулахыг охид өөрсдөө тодорхойлсон байдаг.

Мөн Oky апп нь утсаа дундаа ашигладаг болон интернэт холболт муутай газар байдаг охидын хувийн мэдээллийг нууцлах, хамгаалах функцтай. Oky аппликейшныг ашиглахад хялбар, мөн түүний тусламжтайгаар охид үргэлж мэдээлэлтэй байж, сарын тэмдгээ хянах боломжтой юм.

     -2030 он гэхэд сарын тэмдгийг жирийн үзэгдэл гэдгээр нь хүлээж авдаг болгох зорилгын дагуу ирэх жилүүдэд энэ чиглэлээр ямар ахиц дэвшил гарнэ гэж үзэж байгаа вэ?

    -Сарын тэмдгийн үеийн эрүүл мэнд, эрүүл ахуйтай холбоотой баримт, мэдээлэл хязгаарлагдмал байна. Сарын тэмдгийн үеийн эрүүл мэнд, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд охидын амьдралд ямар нөлөө үзүүлсэн, хэр үр дүнтэй байсан талаар илүү чанартай судалгаа, баримт, мэдээллийг цуглуулах шаардлагатай байна. Сарын тэмдгийн үеийн эрүүл мэнд, эрүүл ахуйтай холбоотойгоор өмнө нь хийгдсэн судалгаанууд байдаг ч нийгмийн дэд-бүлгүүдийн дунд хийсэн нөхцөл байдлын судалгаа хомс байна. Түүнчлэн сарын тэмдгийн үед шаардлагатай ариун цэврийн хэрэглэлийг нийлүүлэгч дотоодын ЖДҮ-ийг дэмжиж, байгальд ээлтэй, био-ариун цэврийн хэрэглэлийг үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн сургуулиудын дотуур байранд “охидын өрөө”-г тохижуулж, ариун цэврийн хэрэглэлийг хүртээмжтэй болгох хэрэгтэй.

Сарын тэмдгийн эрүүл ахуйн боловсролыг хичээлийн хөтөлбөрийн нэг хэсэг болгох шаардлагатай гэж үзэж байна. Мөн сарын тэмдэг нь өвдөж, зовуурьтай ирдэг хүмүүст ажлын уян хатан нөхцөл бүрдүүлэх талаар арга хэмжээ авах шаардлагатай.


Сарын тэмдгийн тухай ярьж, хэлэлцэж болохгүй сэдэв мэт хүлээж авахыг өөрчлөх хэрэгцээ, шаардлага байсаар байна.


Сарын тэмдгийн тухай ул мөргүй яриа, элдэв сүсэг, цээртэй холбоотой байдлыг засаж залруулахын тулд яах аргагүй мэдээллийн кампанит ажлыг хийсээр байх ёстой. Охид, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед эрүүл мэндийг нь дэмжих чиглэлээр төрийн, хувийн хэвшлийн, сайн дурын хандиваас илүү их хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж ажиллах шаардлагатай байна.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын нэг болох охид, эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангахад сарын тэмдгийн үеийн эрүүл мэнд, эрүүл ахуй ч чухал ач холбогдолтой учир НҮБ-ын Хүүхдийн Сан сарын тэмдгийн үеийн эрүүл мэнд, эрүүл ахуйг дэмжих үйл ажиллагаагаа Монгол Улсад ч, дэлхий даяар ч тууштай хэрэгжүүлсээр байх болно.

 

 

Холбоотой мэдээ