Тавь гаруй км урт цахилгаан дамжуулах шугамд 8 зүйлийн махчин шувуу үрэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-05-26 17:36:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад цахилгаан дамжуулах шугамын стандартыг эргэж харах хэрэгтэй байна. Эрчим хүчний шугамын тулгууруудад байгаль орчны үнэлгээ хийх цаг болсныг Зэрлэг амьтан судлан хамгаалах төвд өнөөдөр  болсон “Шувуудад ээлтэй эрчим хүчний төлөө” уулзалтаар хөндөв.

Дээрх асуудлыг шийдэхгүй бол шувууд, тэр дундаа махчин шувууд цахилгаан дамжуулах шугамын өндөр хүчдэлд цохиулан үрэгдсээр байгааг уулзалтад оролцогчид онцолж байлаа. Ялангуяа 15 киловольт (кВ)-ын эрчим хүч түгээх шугамд шувууд их цохиулж хорогддог байна.

Манай улсад 2004 оноос эхлэн бетон тулгуур бүхий төмөр хөндлөвчтэй, аянга зайлуулагч төмөр утас, цахилгаан гүйдэл дамжуулах 3 утас бүхий 15 кВ-ын өндөр хүчдэлийн шугамыг тавьж эхэлжээ. Ийм шугамыг 12 аймгийн нутагт нийт 2414 км ашиглалтад оруулжээ. Ийм бүх шугамын тулгуур хоорондоо 115 м зайтай байдаг аж.




Газрын гадаргуу, налуу, хотгор гүдгэрээс хамаарч 14-18 тулгуур тутамд 4 татлагат чангалагчтай. Төмөр бетон тулгуурууд мөн  газардуулагчтай. Тэр нь бетон тулгуураар дамжин төмөр хөндлөвчтэй холбогддог байна. Шувууд хөндлөвч төмөр эсвэл тулгуурын орой дээр суун биеийнхээ аль нэг хэсгийг цахилгаантай утсанд хүргэснээр хүчдэлд цохиулан үхдэг байна.




Махчин шувуудын хорогдлын 31 хувь нь дээрх төрлийн цахилгаан дамжуулах шугамтай холбоотой байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Дээрх хувийн ихэнхийг буюу 40 хувийг идлэг шонхор шувууд эзэлж буйг Зэрлэг амьтан судлах төвийн захирал Б.Нямбаяр хэлж байна.  Шувууд, тэр дундаа махчин шувууд цахилгаан дамжуулах шугамаас болж олноор үрэгдэж байгаа нь тухайн бүс нутагт мэрэгчин болон хөхтөн амьтад элбэгших нөхцөл байдлыг бий болгож буйг судлаач, мэргэжилтнүүд тодотгож байна. Энэ нь нутаг орны ургамал, бэлчээр зэрэгт сөргөөр нөлөөлдөг аж. Мөн манай улс жилд 60 тэрбум төгрөгийн байгаль экологи, эдийн засгийн хохирол хүлээж байна. Тиймээс төмөр бетон шугамуудын 50 хувийг шинэчилж, байгаль орчны үнэлгээний зохицох стандартад нийцүүлж буйг ЭХЯ-наас мэдээллээ. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг БОАЖЯ, ЭХЯ, Зэрлэг амьтан судлан хамгаалах төвөөс хамтран зохион байгуулав. 









Холбоотой мэдээ