Сармагчны цэцэг өвчин илэрсэн орнуудын тоо гурваар нэмэгджээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-05-25 10:18:23

ЛОНДОН. /BBC/. Арабын Нэгдсэн Эмират Улс сармагчны цэцэг өвчний тохиолдол илэрсэн Персийн булангийн анхны орон болжээ.


Мөн мягмар гарагт Чех, Словенид уг өвчний анхны тохиолдол илэрснээр Африкаас гадна халдвар илэрсэн улс орнуудын тоо 20-д хүрчээ. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч нийт хүн амд учрах эрсдэл бага хэвээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.


Одоогоор халдвар Европ, Австрали, Америкийн орнуудад бүртгэгдээд байна. Сармагчны цэцгээр өвчилсөн тохиолдолд халуурах, туурах шинж тэмдгүүд илэрдэг ч ихэвчлэн хөнгөн өвчилдөг. "Саяхан Баруун Африкт зорчсон аялагчаас халдвар илэрсэн бөгөөд одоогоор эмчлүүлж байна" гэж АНЭУ-ын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр, Африкаас гадна оршдог орнуудад бүртгэгдэж байгаа халдварын тархалтыг хяналтад авах боломжтой байна. Түүнчлэн халдварын тархалтын түвшин ямар байгааг, хаашаа чиглэж байгааг тогтоохын тулд тандалт судалгаагаа нэмэгдүүлэхийг холбогдох байгууллагуудад уриалжээ. 

Холбоотой мэдээ