Оюуны дархлаа тогтоох номтой өдрүүд

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-05-24 12:59:20

                                                                Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Монголчууд 17 дахь жилдээ 31 дэх удаагийн Үндэсний номын баярыг тэмдэглэж өнгөрүүллээ. 2007 оноос эхлүүлсэн арга хэмжээний энэ удаагийнх нь “Илүү их уншъя” уриан дор 2022.05.20-оос эхлэн гурван өдөр үргэлжлэв. Ном бүтээлийг эрхэмлэдэг, бичиг соёлын эртний түүхтэй улс түмний хувьд хүндэтгэн хүлээдэг томоохон баярын нэгэнд одоо Номын баяр зүй ёсоор тооцогдох боллоо.  



Нийгэмд эерэг хандлага бий болгох, цахим хэрэглээ газар авсан энэ үед цаасан хэвлэлийн үнэ цэнийг өсгөж, ном бүтээлийг нийтэд түгээн сурталчлах хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг ач холбогдол бүхий томоохон арга хэмжээ бол Номын баяр болж байна. 50-80 мянган хүн энэ баярыг зорин ирж, тэдний 95 орчим хувь нь худалдан авалт хийдэг гэсэн судалгаа бий. Жил ирэх тусам хүрээ хязгаараа тэлж, уран бүтээлчид, орчуулагч, хэвлэлийн газруудад ч ихээхэн дэмжлэг болдог болжээ. Энэ удаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, хэвлэн нийтлэгч компани, номын худалдаа эрхлэгч 200 орчим байгууллага хувь хүн оролцсон ч үүний цаана мөн энэ хэмжээний байгууллага, хүмүүс зай талбайгаас шалтгаалан оролцож чадаагүй.  Агуулга хэлбэр нь урьд урьдынхаасаа сайжрах тусам оролцох хүсэл сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгддэг аж.




Дэлхийн 100 гаруй улс номын баярыг өөр өөрийн онцлог хэв маягаар зохион байгуулдаг бөгөөд манайд энэ баяр богино хугацаанд агуулга хэлбэр нь улам өргөн цар хүрээтэй болж байгаа юм. Зөвхөн ном бүтээл туурвидаг уран бүтээлчдийн гэлтгүй, салбар бүрийн уран бүтээлчдийн цугларалт болон өргөжиж байна.


Орчин цагийн хүмүүсийн ахуй байдал, хэрэглээ, хэрэгцээг дагаад зохиолч, уран бүтээлчдийн бүтээл цаасан хэлбэрээр уншигчдын сонирхол таашаалд хүрэх нь алсарч байсан үед энэхүү ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР чухам цагаа олж зохион байгуулагдаж эхэлсэн гэж хэлж болно. Энэ ч утгаараа нийгэмд хүргэх ач холбогдол, олон нийтийн соёл гэгээрэлд оруулах хувь нэмэр зэргийг нь онцгойлон авч үзэж номын баярыг төр засгийн хэмжээнд анхаарал хандуулж, дэмжих болсон юм. Өнгөрсөн жил энэ баярыг улс орон даяар өргөн тэмдэглэх хууль ёсны баяр болгон баталсан юм.


2007 онд анхны баяраа багахан хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байсан бол 2012 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Номын баярыг тогтмол тэмдэглэх өдөртэй болж, өдгөө үндэсний хэмжээний, цаашилбал олон улсын хэмжээнд хүртлээ өргөжсөн энэ арга хэмжээг “Номын ертөнц” төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн Номын баяр хөдөө орон нутагт зэрэг зохион байгуулагдсанаас гадна Оросын алдар хүндтэй зохиолч, яруу найрагчид ном бүтээлтэйгээ хүрэлцэн ирж оролцсоноороо онцлог болов.



Жилдээ нэг удаа тэмдэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд хавар, намар хоёртоо зохион байгуулсан ч улам бүр оролцоо нэмэгдэж, уншигч, уран бүтээлчдийн хүлээдэг гол баяр болжээ. Энэ жилийн баярыг хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээнүүд болон янз бүрийн урлагийн тоглолт, ном соёлтой холбоотой үзэсгэлэн, шилдэг бүтээлүүдийн шалгаруулалт зэргээр баяжуулж, улам илүү сонирхолтой болгожээ. Үүнээс гадна, ном бүтээлд хөрөнгө оруулсан, номын сан хөмрөгт хандив өргөн дэмжсэн байгууллага, хувь хүмүүсийг урамшуулан дэмжихэд ихээхэн анхаарсан нь анзаарагдав.


Ер нь соёл гэгээрлийн өндөр ач холбогдолтой энэ баярт бүх шатандаа сэтгэл зүтгэл гаргадаг, оюунлаг иргэнтэй ирээдүйг бий болгоход оролцоо дэмжлэг үзүүлдэг байх ухамсарт хандлага төлөвшиж эхэлж буй дүр зураг жилээс жилд тодорсоор байна.



31 дэх удаагийн баяр УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор боллоо. Эхэн үедээ нэг дэлгүүрийн булан зайд цөөхөн хэдхэн зохиолч, уран бүтээлчдийн хүрээнд тун цомхон, даруухан болоод өнгөрдөг байсан арга хэмжээ өнөөдөр төр засгийнхны анхаарал ивээл дор зохион байгуулагддаг, “үндэсний” хэмээх тодотголтой, том агуулгатай баяр болоход “Номын ертөнц” ТББ, түүний удирдлагын хичээл зүтгэл их байв. Нийслэлийн төв талбайд зохиолч, хэвлэн нийтлэгч, уншигчдын өргөн хэмжээний уулзалт болдог уламжлалт энэ баяраар шинэ, хуучин номын худалдаанаас гадна урлаг, уран зохиол, ном бүтээлтэй холбоо хамаарал бүхий маш олон салбарын байгууллага, хувь хүмүүс үйл ажиллагаагаа сурталчлахаар ирдэг болжээ.  




Шинэ цагийн сэхээлэг, оюунлаг иргэн бэлдэхэд хувь нэмрээ оруулж буй энэ баяр өөрийн гэсэн орон зайгаа нийгэмд баттай эзэлж, тэр хэрээр үндэстний оюун санаа, боловсрол, ёс суртахууны төлөвшилд үр нөлөө өндөртэй гэдгийг олон нийт ч хүлээн зөвшөөрч эхэлжээ. Номын баярын оролцогч олширч, ном бүтээгчдийн идэвхи санаачилга, уран бүтээлчдийн санаа сэдэл нь ч баяраас баярын хооронд илүү чанаржин чамбайрч, залуус, хүүхдүүдийн номд хандах хандлага, унших эрмэлзэл ч дээшилсэн нь тод байна.




Өнөөгийн нийгэм, ахуй байдлын асар хурдтай өөрчлөлт, цахим эриний хүчтэй түрэмгийлэл дунд ном, бүтээлийг, номыг бүтээгчдийг бүдгэрүүлж мартагдуулахгүй аваад гарахад тун бэрх. Монголчуудын оюуны соёл, уламжлалд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх бий. Үндэс язгуураасаа ном бүтээлийг өргөн дээдэлдэг, оюун санаа гэрэл гэгээтэй байх тусам нийгмийн мөн чанар аяндаа зөв тийш эргэж байдаг гэдэгт гүн бат итгэдэг суурь хандлагатай ард түмэн. Номын баяр хүрээ тэлж, хүчээ авч байгаагийн нэг гол шалтгаан нь энэ. Энэ утгаараа технологид хэт төвлөсөн шинэ үеийн дайралт, нөлөөллийг үндэстэн даяар шахам “номтой хамгаалалт” хийн давж гарахад бэлтгэж байна гэж хэлж болно. Нэг ёсондоо оюуны дархлаа сайтай иргэнийг төлөвшүүлэхэд нэмэр тус болж буй хэрэг. Тийм ч учраас дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, иргэдийн худалдан авах чадвар суларсан зэрэг нь энэ баяр улам бүр далайцтай болоход огтхон ч нөлөөлөхгүй нь. 




Үндэсний номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түншээр МОНЦАМЭ агентлаг ажиллаж, олон улсад англи, орос, хятад, япон хэлээр болон үндэсний бичгээр мэдээллийг бэлтгэн түгээдэг уламжлалтай болсон. Мөн энэ удаад ТВ9 телевиз, "Эрхэт Монгол" медиа групп мэдээллийн түнш, харин дэмжигчээр "МонНом" апплейкшн ажилласан юм.



Холбоотой мэдээ